Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны V хуралдаан өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар Орхон аймгийн БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ Яаралтай түргэн тусламжийн тасгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг нь эмнэлэг хүртэлх, эмнэлэг доторх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Тухайн тасагт тасгийн эрхлэгч 1, их эмч 14, сувилагч 8, жолооч 13, арга зүйч 1, туслах сувилагч 1 нийт 28 ажилтан ажиллаж байна. Мөн бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан 12 машин иргэдэд үйлчилж байгаа юм.
Иргэдэд чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай, ёс зүйн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх нь тус тасгийн үндсэн зорилго юм. Яаралтай түргэн тусламжийн тасагт жилд 15-20 мянган дуудлага ирдэг. Харин энэ тоо коронавирус цар тахлын үед хоёр дахин нэмэгджээ. Аймгийн Засаг даргын 2019 оны А55 дугаар захирамжаар БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн хүний нөөцийг дөрвөн их эмч, таван жолоочоор нэмэгдүүлж тэдний цалингийн асуудлыг шийдсэнээр ажлын бүтээмж дээшилж, цаг алдалгүй түргэн шуурхай үйлчлэх боломж бүрджээ.
Мөн Хороолол, Дэнж, Тосгон гэсэн нэмэлтээр гурван цэг байгуулсан. Ингэснээр түргэн тусламжийн хүлээгдлийн тоо буурч, иргэдийн сэтгэл ханамж өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Засаг даргын зөвлөлийн гишүүд түргэн тусламжийн эмч нарын мэдлэгт анхаарч, ажлын байрны дадлага сургалтыг явуулах санал хэллээ.
Сэтгэгдэл: