Ардын язгуур урлагийг өвлөн тээгч, СТА Нэхийтийн Цэцэгсүрэнтэй ярилцлаа.
-Хоёулаа таны залуу нас, ажил мэргэжлээс ярилцлагаа эхэлье.
-Би 1962 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Өлгий сумандаа арван жилээ төгсөөд, Монгол Улсын Их Сургуулийн философийн ангид элсэж 1985 онд төгссөн. Сургуульд байхаасаа л их идэвхтэй сурагч байлаа. Бүлгэмийн зөвлөлийн даргаас эхлээд соёл, урлагийн бүхий л арга хэмжээнд оролцдог байв. Манай анги ч спорт, соёл, урлагаараа сургуульдаа тэргүүлдэг байсан.
-Та яагаад философийн ангийг сонгосон бэ?
-Би уг нь урлагаар явах гэж байсан юм. Багшийн дээдийн кино драмын ангийн найрал дууны ангийг сонгоно гэж бодож байтал намайг төгсдөг жил тэр анги ирээгүй. Тэгээд шалгалтын оноогоороо аймагтаа эхний хоёрт жагсаад хамгийн сайн анги гээд философийн анги сонгосон.
-Та мэргэжлээрээ хэдэн жил ажилласан бэ?
-Философийн анги нь нийгэм судлалын багш мэргэжлээр төгсгөдөг. Би сургуулиа төгсөөд Баян-Өлгий аймагтаа анх багшилж байгаад 1995 онд Эрдэнэт хотын 3 дугаар сургуульд, 17 дугаар сургуульд мэргэжлээрээ ажилласан. Нийт 30 гаруй жил багшиллаа. Өлгий хотдоо очоод бас Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга хийсэн. /инээв/. Ер нь багаасаа л нийгмийн идэвхитэй сурагч байсан учир хаана ч очсон санаачилга гаргаж манлайлж ажиллахыг хичээдэг байлаа. Тухайн үед Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга чинь бүр тусгай өрөөтэй, удирдлагын шийдвэр гаргадаг дөрвөн том даргын нэг байлаа. Эвлэлийн гишүүдээ хариуцаж, залуучуудаа манлайлж ажиллана. Манай залуучууд маш идэвхтэй байсан. Бид бүжгийн тэмцээнд орно, хос бэлдэнэ, аэробикийн тэмцээнд орно, баг бэлдэнэ гээд олон ажил санаачилж, зохион байгуулж ажиллладаг байв. Мөн Эвлэлийн хорооны Үйлдвэрчний эвлэл 7 хоног бүр улс төрийн сургалт зохион байгуулдаг байсан. Ингэж хүмүүсийг соёл, урлаг, сургалтаар дамжуулж соён гэгээрүүлж, төлөвшүүлдэг байсан үед ажил амьдралын гараагаа эхэлж байлаа.
-Урлаг, уран сайхны олон арга хэмжээнд оролцож байсан байх.
-Тиймээ. Манай ээж урлагийн хүн байсан. Их сайхан дуулна. Намайг багаас минь л урлагийн авъяастай хүүхэд шүү гээд, хаа явсан газраа дагуулж явдаг байв. Уг нь урлагийн сургуульд явуулах бодолтой байсан юм билээ. Даанч тухайн үед хуваарь нь ирээгүй учир би өөр мэргэжил сонгосон. Гэхдээ урлагаа огт хаяагүй ээ. Ээж маань намайг тоглолт бүртээ дагуулж явуулаад сүүлдээ бид хоёр 1990 онд “Таван эгшиг” гэдэг хамтлаг байгуулж урлагийн тоглолоо хийдэг байсан. Одоо бодох нь ээ, ээж маань надад монгол өв соёл, ардын язгуур урлагийг дээдэлж явахыг өөрийнхөө олон дуугаараа дамжуулж ойлгуулсан. Их үнэ цэнэтэй зүйл өвлүүлж үлдээснийг хожим нь л ойлгож байна. Тиймээс монгол өв соёлыг би хүссэн хүн бүрт нь таниулах юмсан, өвлүүлэх юм сан гэж боддог. 2005 онд би “Орь залуу нас” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо шавь нартайгаа хамтарч хийхэд олон хүн ирж урам хайрлаж байлаа. “Гурван бүдүүн” хамтлагийн Учрахбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбат гээд сайхан, сайхан залуучууд миний шавь нар юм. Тэдэнтэй хамтарч дараагийн уран бүтээлээ хийх юмсан гэж бас бодож байгаа. 2005 онд бас “Эрдэнэсийн цэнхэр сувд” гэдэг их гоё үгтэй дууг дуулж олны хүртээл болгосон. Тухайн үед Гок-ын автобусанд өглөө болгон сонсгодог байсан. Эрдэнэт хотын дууны урын санд нэгэнт бүртгэгдсэн юм чинь энэ дууг дахин сэргээж хит болгомоор байгаа юм. Дууны үг, аяыг миний ах зохиосон. Ах маань, “Танай Эрдэнэт чинь дандаа гоё цэнхэр өнгийн барилгуудтай юм байна. Гок нь цэнхэр өнгөтэй. Оюу эрдэнийн хот байна. Тэгээд эрдэнэсийн цэнхэр сувд л гэж нэрлэмээр юм байна. Бас өөрсдийн баатар үйлдвэртэй” гэж хэлж байсан. Тэр дуунд “ Өөдлөн дэвжих Эрдэнэт минь Өнгөжин туяарсан сувд билээ” гээд их сайхан үгтэй, сонсоорой.
Мөн би багшилж байхдаа “Багш дуулж байна”, “Үл тасрах аялгуу”, МҮОНТ-ийн “Олон улсын үндэстний дууны наадам” гээд олон тэмцээн, уралдаанд оролцож байсан. Мөн ардын урлагийн бүхий л наадамд оролцож соёлын биет бус өвийг хүүхэд, залуучууддаа өвлүүлэн үлдээх юмсан, олон нийтэд таниулах юмсан, мартагдсан аялгуу, дууг эргэн сануулах юмсан гэж хичээх болсон. Урианхай ястны өв соёл, мартагдаж буй уртын дуунууд, бий биелгээ, магтаалууд гээд бидэнд эргэж сануулах танин мэдүүлэх сайхан өв уламжлал олон бий. Манай Бий биелгээний холбооны тэргүүн Галсайхан бид хамтраад хүмүүст бий биелэх сургалт орж монгол өв соёлоо сурталчлах таниулах ажлыг одоо ч хийсээр байна. Багаасаа ч соёл, урлагтай ойр байсан учир ажил, амьдралынхаа бүхий л цаг үед урлагаасаа холдоогүй ээ.
-Та бий биелгээний холбооны гишүүн гэсэн үү?
-Тиймээ. Ястан, угсаатны бий биелгээ өөр, өөр байдаг. Энэ онцлогийг хойч үедээ өвлүүлэхийн тулд манай холбооны гишүүн бүр сургалт явуулж түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Жишээ нь манай урианхайн бий биелгээ нь Алтайн магтаалтайгаа уялдаж цацал биелгээ, мөргөл биелгээ гээд төрөлждөг. Алтайн уулсаа магтаад л овоондоо мөргөдөг ёс заншлаа илтгэж цацлаа өргөж байгаагаар биелнэ шүү дээ. Саяхан МҮОНТ “Дөрвөн бэрх” нэвтрүүлэгтээ ахмадуудыг урихад манай Эрдэнэтээс баг бүрдүүлж оролцсон. Тэнд манай ахмадууд магтаалаа хэлж, цацал биелгээгээ биелсэн. Энэ бүхнийгээ л хүүхэд залуучуудад өвлүүлмээр байгаа юм. Мөн манай “өвөг Урианхай” гээд том байгууллага байдаг. Тэнд би дуутай биелгээгээ өгсөн. Тэд маань их гоё болгож урианхайчууд нийтээрээ биелдэг биелгээ болгоё гээд авсан. Удахгүй дуутай биелгээ маань дэлгэрээд явчихна.
-Залуу дуучид мартагдсан дууг сэргээж, дуулж байна. Энэ их зөв санагддаг. Таны хувьд юу гэж боддог вэ?
-Ардын язгуур урлаг, зохиолын дуунууд бүгд л цаг хугацааны эрхээр мартагддаг. Тиймээс сэргээж байгаа нь сайн хэрэг. Залуучуудад ойртуулахын тулд ковер байдлаар ч хамаагүй дуулж байгааг би хувьдаа буруутгадаггүй. Тэгэхдээ ая, үг нь зөв байх хэрэгтэй. Мөн урианхай уртын дуу байна. Энэ дууны онцлог, сайхныг бас мэдэрч ойлгох хэрэгтэй. Үүнийг өв тээгч бид л хүмүүст эргэн сануулна шүү дээ. Энэ язгуур өв гэдэг чинь угаасаа гэр бүлийн доторх л соёл юм. Зан үйл ерөөсөө гэрийн зан үйлтэй холбоотой байдаг. Иймд язгуур урлагийг тайзны урлаг шиг зааж сургахаас илүү гэр бүл дотор нь заагаад, гэр бүлээрээ биелдэг, гэр бүлээрээ уртын дуугаа дуулдаг болгох нь зөв гэж боддог. Энэ чинь нөгөө өв соёлоо өвлүүлж байгаа хэлбэр юм. Жишээ нь хотонгууд хүүхдүүддээ бүр багаас нь биелгээ заадаг. Хотон биелгээ их гоё. Яг үүн шиг бид уртын дуугаа, товшуур хөгжмөө хүүхдүүддээ багаас нь зааж, өвлүүлэх хэрэгтэй юм.
Миний бодлоор Орхон аймаг гэр бүлийн соёлыг л дэмжмээр санагддаг. Гэр бүлийн соёл дотор юу, юу байх вэ гээд бүр удирдамж гаргаад тэрний дагуу иргэдээ оролцуулаад, соёлын өвөө сурталчлаад, хамтран оролцуулж дэмжээд гээд л гэр төвтэй хөгжил, сургалт хиймээр санагддаг.
-Ардын язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэхийн тулд бид өөрсдийн давтагдашгүй түүх, соёл, өнгө, бэлгэдлээ эхлээд сайн судлах хэрэгтэй байх. Түүнд үндэслэж байж аялал жуулчлалын бодлогоо тодорхойлох хэрэгтэй болов уу. Та юу гэж бодож байна?
-Манай урианхайчууд эрт дээр үеэс цагаан өнгийг бэлгэддэг байсан. Хааддуудаа цагаан өнгийн дээл өмсгөдөг, хар, улаан өнгийн хувцас, малгай өмсөхийг цээрлэж, судар номондоо хүртэл бичсэн байдаг. Цагаан өнгийг тэнгэрийн өнгө гэж шүтэж, бэлгэддэг. Монголчууд яагаад уруудан доройтсон бэ гэхээр, манж улс монгол хаад ноёдод хар малгай, отго жийнс зүүлгэж сүр сүлдийг нь доройтуулсантай холбоотой ч гэж үздэг. Чингис хаан төрийн бэх /зурхайч/ сонгохдоо хамгийн өндөр настай, цагаан сахалтай, өөрийн талын ургийн хүнийг төрийн бэх болгоод цагаан морь унуулаад, цагаан дээл өмсгөөд зурхайг нь зуруулдаг байсан түүх бий. Найр, наадам хэзээ хийх вэ, аян дайнд хэзээ мордох вэ гээд. Гэтэл одоо хэт замбараагүй болж өнгө, бэлгэдлээ ч гээж байна. Энэ нь ажил, амьдралд нь нөлөөлдөг байх. Энэ мэтчилэн бид жижиг гэлтгүй асуудлыг ойлгож монгол өв, соёлоосоо эргээд суралцах хэрэгтэй. Манай Эрдэнэт хотод 16 үндэстэн, ястан амьдарч байна. Олон ястны нутаг гэдгээрээ бусад аймгаас соёлын солилцоо их учир давуу тал олон. Жишээ нь язгуур урлагийг хамгийн сайн хөгжүүлж, аялал жуулчлалаа хөгжүүлж болох юм. Мөн нүүдэлчдийн амьдрал, ахуй, түүх, соёлыг харуулсан наадам хийж болно. Яагаад гэвэл, энд олон ястанууд амьдарч байна. Наурызын баяраар “Бүргэдийн наадам” хийж байсан. Баян-Өлгий аймгаас бүргэдчид ирсэн. Яг үүн шиг Ховд, Увс гээд олон аймгийн онцлог соёл, нутгийн заншил, монгол өв соёлыг тэднээр дамжуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлж болно. Үүнд төрийн бодлого л чухал байгаа юм.
Жишээ нь Урианхайн түүх, соёлд Чингисийн үеийн дуу ам дамжаар түүнийг одоо өвлөж мэдэх цөөн л хүн байна. Тэгэхээр энэ дууг бид Орхон аймагтаа нутагшуулах хэрэгтэй. Тэр дуу нь аян дайны ялалтаа тэмдэглэж байгаа тухай юм. Үүнийг зохиомжлоод, найман цагаан гэрийг нь бариад, тэр үеийнх нь аялга, түүхийг нь харуулаад, гадаад, дотоодын зочид, жуулчдад үзүүлж болно. Чингис хаан хойморт суугаад есөн өрлөгөө магтан дуулдаг. Зэлмэ, Сүбээдэй бүр дараагийн хэсэгт нь Цагаадай хааныг хүртэл магтаж дуулсан байдаг. Арван хэдэн бадаг дуу бий. Бүр 1225 онд зохиосон дуу гэж үздэг.
Агт морьдоо чөдөр цулбуураас нь суллая аа
Дайчин цэргүүдээ хуяг дуулгаас нь чөлөөлье өө гэснээр найр эхэлж байгаа тухай дуу юм. Энэ бүгдийг дүрсжүүлж, театрчилвал гоё оо. Жуулчид яг л Чингис хааны ялалтын найранд сууж байгаа мэтээр орчныг нь тохижуулах хэрэгтэй. Хааны өргөөний үүдэнд хорчин цэргүүдээ зогсоогоод орой нь хэвтүүлүүдээ зогсоогоод гээд зохиомжлоод хийвэл их гоё санагддаг. Энүүгээр л дамжуулж бид монгол өв уламжлал, ёс заншил, язгуур урлагаа танин мэдүүлж сурталчилж бас өвлүүлж чадна гэж хардаг.
-Тийм шүү. Аялал жуулчлалыг монголын язгуур урлаг, өв соёлтой хослуулж түүнд түшиглэж хөгжүүлэх нь давуу тал гэж би бас хувьдаа боддог. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл: