Тэнгэрт дэвшсэн эмээгээ санагалзаж, хойдын буянд ном хуруулахаар Эрдэнэт хотынхоо хоймор залрах Ганданшаддүвлин хийдийн будаг нь хуучирч, холтос шиг хатсан улаан модон хаалгаар орлоо. Тэнд бурхан болоочдынхоо хойдын дурсгалд зориулсан 108 суваргын суурь эхнээсээ тавигдаж, зарим нь гэгээн дүрээр сүндэрлээд эхэлжээ. Төв хаалгаар оруут баруун зүүн хоёр талд хүсэл, ариуслын бэлгэдэл болсон өндөр шар хүрдэн харагдана. Бариуланд нь тортог шингэн, уясан хадгийн өнгө элэгдэж, эргүүлэхэд гол нь зуурах нь янзалж, тордолгүй удсаныг илтгэнэ. Сайн үзвэл энэ шар хүрдэн дээр хүмүүс элдвийн хүслээ бичсэн байх аж. Бурханд хүргэх хэлмэрч болгохыг хүссэн гэлтэй энэ хүрдэн дээр хүмүүс байхгүйн зовлон, байгаадаа ханахгүйн зовлон, дутахын зовлон, санахын зовлон гээд хэнд ч хэлдэггүй дотоод дуу хоолой, бурханд дайх чин хүслээ, бүр цагаахан атаархлаа хүртэл бичжээ. “Би гэхдээ аавтай хүүхдэд атаархдаг” гэх өр эмтрэм хүсэл байхад, маргаашийн шалгалтад тэнцүүлж өгөөч, эсвэл байртай болгож өгөөч гэсэн олон өнгийн, олон ертөнцийн хүсэл энд дурайна.
Сэтгэгдэл: