Гэрэл зураг | 2021-04-16
70 САЯЫН ЗЭЭЛЭЭС 4 ТЭРБУМЫН ХӨРӨНГИЙГ БОСГОСОН ТҮҮХ
Г.Оюунтуяа / 2329
70 САЯЫН ЗЭЭЛЭЭС 4 ТЭРБУМЫН ХӨРӨНГИЙГ БОСГОСОН ТҮҮХ

Далан сая төгрөгөөр эхлүүлсэн бизнесээ  7 жилийн  дотор  4 тэрбумын үнэлгээнд хүргэж, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, MCS зэрэг монголын толгой компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг  “Анд Энерги” компаний түүхийг та мэдэх үү? 
2014 онд санаа нийлсэн дөрвөн найз БАРС, МӨНХБАЯР, ГҮРРАГЧАА, ТҮВШИН  нар нэгдэн “Анд Энерги” ХХК-аа байгуулснаар энэ түүхийн эхлэл тавигджээ. 
Үүсгэн байгуулагчдын нэг болох ерөнхий инженер  Т.Барсын замналаар “Анд Энерги” компани хэрхэн  өндөрлөгт хүрсэн түүхийг өгүүлье. 
Төмөрбатын Барс гэж хэн бэ?


Тэрээр  ОХУ-ын Новосибирск хотод төрсөн, хүүхэд насаа Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өнгөрүүлжээ. Инженер болох мөрөөдөлдөө хөтлөгдөж ШУТИС-ыг уул уурхайн цахилгаан инженерээр  төгсөөд,  ажлын гараагаа “Эрдэнэт үйлвэр”-ээс эхлүүлжээ. Чухам энд л цаашдын зам мөр нийлж, их бүтээн байгуулалтад хамтрах найзуудтайгаа танилцсан гэдэг. 

САНАА БА ХӨРӨНГӨ БОСГОЛТ

Үйлдвэрээс төрсөн мэргэжлийн нарийн ур чадвартай, санаа нэгдсэн дөрвөн найз 2013 онд  гудамж талбай, сууц өмчлөгчдийн холбоодын гэрэлтүүлгийн ажлыг хийж эхэлсэн байна. Энэ явцад импортын гэрлүүд нь амархан шатдаг, чанар муу болохыг анзаарч “Бидэнд чадвар байхад өөрсдөө яагаад гэрэл үйлдвэрлэж болохгүй гэж” гэсэн бодол төржээ. Монгол улс гэрэл, чийдэнгийн хангамжаа 100 хувь импортоор авдаг нь энэ салбар нээлттэй зах зээл, боломж болохыг тэд харж,  2013 онд энэ санаагаа бодит биелэл болгохоор шулуудсан гэдэг. Ингээд  туршлагатай эрхмүүдтэй санал солилцоход:



“Наадах чинь бүтэхгүй санаа. Томчуудын шахааны бизнес болчихсон. Энэ салбарт битгий ор” гэж зөвлөж байжээ.  

 

 

Залуучууд зорилгоосоо няцсангүй. Зориг шулуудаад урд хөршрүү технологи судлахаар явжээ. Ингэхдээ  гэрэл үйлдвэрлэе, туршлага судалъя  гэж хэлбэл зөвшөөрөхгүй тул,  гэрэл худалдаж авъя гэх нэрээр үйлдвэрлэлийн процесстой танилцаад ирсэн байна. Ингээд гэрэл үйлдвэрлэх бүрэн итгэл сууж үйлдвэрээ барих гэсэн боловч тэдэнд хөрөнгө оруулагч, мөнгө байсангүй. Тухайн үед өөрсдөөсөө боломжоороо санхүүжилт гаргаж, ХХБ-с 70 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлээрээ хоёр нь тоног төхөөрөмжөө авчрахаар  /Мөнхбаяр Түвшин/  БНХАУ-ыг зорьж, хоёр нь үйлдвэрээ барихаар /Барс Гүррагчаа/ Эрдэнэтдээ үлдсэн байна. Тоног төхөөрөмжөө авчирч, үйлдвэрийн байраа эхлүүлж чадсан ч  барьж дуусаагүй байхад мөнгө нь дуусчихаж.  Ахиад л мөнгөний асуудалтай тулгарсан тэд танилаараа дамжуулан Төв аймгийн Заамар сумын Сов багийн гэрэлтүүлгийн ажлыг 35 сая төгрөгөөр гүйцэтгэж олсон ашгаасаа үйлдвэрээ барьж дуусгахад зарцуулжээ. Бүтэн жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын ажил сая дуусч,  Эрдэнэтдээ төдийгүй Монгол улсын анхны лед гэрлийн үйлдвэрээ 2014 онд ашиглалтад орууллаа.

ЭХЛЭЛ БА БЭРХШЭЭЛ

Тэдний бэрхшээл ингээд дууссангүй. Анхны үйлдвэрлэсэн лед гэрлүүд нь амархан шатчихаад тэдний тавьсан стандарт шалгуурт огт нийцэхгүй байв. Маш өндөр эрсдэлийг үүрч байгуулсан учраас сэтгэлээр их унаж байсан ч сайжруулж чаджээ. Тэдний анхны том захиалга нь катодын зэс үйлдвэрлэлийн Эрдмин үйлдвэр байв. Гэрлийн үйлдвэр байгуулсан цагаасаа хойш “Эрдмин” үйлдвэрийн кабелийн зэс утсыг үйлдвэрлэлдээ ашигласан учраас тэдэнд хамтрахад дөхөм байсан юм. Тус үйлдвэрийн гэрэлтүүлгийн ажлыг хийгээд удаагүй байхад бараг тал гэрэл нь шатчихсан гэдэг мэдээг авч. Тэдний онцлог нь эргэх холбоотойгоор байгууллагуудын засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг, баталгаа өгдөг учраас эргээд засч өгөөд л байж.  Гэрэл үйлдвэрлэхийн хэрээр тэдний туршлага ч  тэр, бүтээгдэхүүн ч тэр сайжирч чанарыг амлаж чадахаар  хэмжээнд хүрчээ.  

САЙЖРУУЛАЛТ БА СОНГОЛТ

Тэдний үйлдвэрээ нээсэн он цагтай давхцаж ижил үйл ажиллагаатай үйлдвэр ашиглалтад орох мэдээ дуулдсан нь тэд юугаараа ялгарах вэ гэдгээ гаргаж ирэх бас нэг давах ёстой даваа, туулах ёстой бэрхшээл байв.Тэдний үндсэн мэргэжил нь цахилгаан тоног төхөөрөмжийн инженерүүд учраас гэрэл үйлдвэрлэхээс гадна нарийн мэргэжил, ур чадвар шаардлагатай  үйлдвэрийн автоматжуулалтын ажлыг хийж эхэлсэн нь цааш үйлдвэрээ амжилттай авч явах бас нэг суурь болжээ. 
Эрдэнэт үйлдвэрт ажилд орох нь Эрдэнэтэд амьдардаг хүн бүрийн мөрөөдөл, нэр төр,  амьдралын баталгаа байсан бол тэдний хувьд  ажлын хажуугаар үйлдвэрлэл эрхлэх нь цаг хугацааны хувьд ч, бүтээмжийн хувьд ч тэдний  хүлээлтэд хүрч чадахгүй байсан учраас баталгаатай ажлын байр эсвэл ирээдүй нь тодорхойгүй шинэ бизнесээ үргэлжлүүлэх хоёрын аль нэгийг сонгох чухал шийдвэрлэх мөчид тулгарчээ.  Ингээд тэдний гурав нь ээлж дараалан ажлаасаа  гарч бизнесээ сонгосон гэдэг. /Эхлээд Гүррагчаа , дараа нь Мөнхбаяр, дараа нь Барс гэсэн дараалаар ажлаасаа гарсан. / Т.Барсын хувьд гэрлийн шинэ  үйлдвэрээ барихын тулд 2018 онд ажлаасаа гарч мэргэжлээ солин барилгын даамал хийсэн байна.

БОЛОМЖ- НЭГ ХААЛГА ХААГДСАН ГЭЭД ТЭР ДАХИЖ ОНГОЙХГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

Дөрвөн найз 3 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтворжуулж бүтээгдэхүүнээ сайжруулахын зэрэгцээ шинэ боломжийг эрэлхийлж 2017 онд хувьцаат компани болохоор зорьжээ. Эхний ээлжинд Гаули гээд брокерийн пүүс компани дээр хүсэлтээ танилцуулахад хувьцаат компани болоход үйл ажиллагаа, зохион байгуулалт, компанийн засаглал, менежмент дутмаг, боломжгүй гэсэн хариуг авчээ. Залуус зорилгоосоо ухрахыг хүссэнгүй. Жилийн дараа “Монголын үнэт цаасны бирж” байгуулагдахад хувьцаат компани болох төслөө бичиж өгснөөр эерэг хариу авч, зах зээлээ тэлэх, шинэ засаглал бий болгох үүд хаалга нээгдсэн байна. Үүнд найз Ц.Гүррагчаа захирлын тууштай зүтгэл хамгийн их үүрэг гүйцэтгэжээ. Тэд нийт эзэмшлийнхээ 34 хувийг зах зээлд хувьцаа хэлбэрээр байршуулж хөрөнгийн зах зээлээс нийт 1,5 тэрбум төгрөгийг амжилттай босгож чаджээ.  Тэд Засаглал, менежментийн хувьд эрс өөрчлөгдөж шилэн данстай, нээлттэй компани болсноор компанийн үнэлгээ ч эрс өсөж 2020 оны байдлаар 4 тэрбум төгрөгөд хүрсэн юм.  Хувьцаагаар босгосон хөрөнгийн 65 хувийг 1000 м. квадрат үйлдвэр барьж байгуулахад, 20 хувийг тоног төхөөрөмжөө сайжруулахад, үлдсэн 15 хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулсан.  Ингэснээр Үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, ажилчдын тоо өсөж, үндэсний  томоохон хэрэглэгч  үйлдвэрүүдтэй харилцах боломж нээгджээ.

 

 Тэд Засаглал, менежментийн хувьд эрс өөрчлөгдөж шилэн данстай, нээлттэй компани болсноор компанийн үнэлгээ ч эрс өсөж 2020 оны байдлаар 4 тэрбум төгрөгөд хүрсэн юм.  Хувьцаагаар босгосон хөрөнгийн 65 хувийг 1000 м. квадрат үйлдвэр барьж байгуулахад, 20 хувийг тоног төхөөрөмжөө сайжруулахад, үлдсэн 15 хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулсан.  Ингэснээр Үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, ажилчдын тоо өсөж, үндэсний  томоохон хэрэглэгч  үйлдвэрүүдтэй харилцах боломж нээгджээ. 

 

ТОМ МӨРӨӨД

Өдгөө тэд бидний сайн мэдэх Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, MCS, Дулааны цахилгааны 4-р станц зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн ханган нийлүүлэгч болохын зэрэгцээ  Эрдэнэт үйлдвэрийн гэрэлтүүлэг, Эрдэнэт хотын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын гэрэлтүүлэг, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэхээс гадна Монгол улсын нийт 8 сумд “гэрэл түгээж” хөгжил нэмжээ. Хийж бүтээсэн ажил, хийж бүтээх ажил ч их тэдний компани зөвхөн өнгөрсөн онд гэхэд 2,2 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Гэсэн ч энэ нь  Монгол улсын гэрэл чийдэнгийн зах зээлийн ердөө 2 хүрэхгүй хувийг л эзэлж байна. Энэ нь тэдэнд ямар ирээдүй байгааг, Монгол улсад ямар боломж байгааг бэлхнээ харуулна. Жижиг эхлэлээс том үр дүнд хүрч чадсан тэдний эрхэм зорилго ч нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, гадаад зах зээлд экспортлох том мөрөөдөлд чиглэж байна. 

Сэтгэгдэл:

Холбоотой мэдээ