Соёл урлаг | 2026-11-06
Cumo Arena нээлтээ хийлээ
А.Админ / 25
Cumo Arena нээлтээ хийлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчдын хүч, хөдөлмөрөөр боссон “CuMo Arena” соёл спортын цогцолбор албан ёсоор  нээж олон улсын Враво цирк анхны тоглолтоо толилууллаа. 

Тоглолтын эхэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар "CuMo Arena" цогцолборын анхны үзэгчид, Эрдэнэчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв.

Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд бэлэг барьж, төрөлх хотынхоо өнгө төрх, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц том бүтээн байгуулалт "CuMo Arena" цогцолборыг ашиглалтад оруулан, нээж буй эрхэм уурхайчин, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. "CuMo Arena" бол Эрдэнэтийн хөгжлийг тодорхойлох нэгэн том орон зай, иргэдийн чөлөөт цаг, хүүхэд залуусын авьяас чадварыг үр бүтээлтэй, нээн хөгжүүлэх үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж байна” хэмээн тэмдэглэсэн. Тэрээр, Орхон аймгийн Гадаад, дотоод төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнийн хамтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх нарт "Хотын 50 жилийн ойд хандив өргөж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй уурхайчдадаа баярлалаа", гэсэн бичээс бүхий хамт олны талархлыг гардуулж, амжилт хүслээ.

 Ёслолын ажиллагааны дараа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар, “BRAVO” циркийн жүжигчид, уран бүтээлчдээ танилцуулснаар олон улсын циркийн шилдэг үзүүлбэр, тоглолт эхэллээ. Монгол циркийн 85 жилийн ойн хүрээнд шинэ уран бүтээлийн тоглолтоо өргөн барьж буй “BRAVO” циркийнхэн Эрдэнэт хотноо 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ.

 Монгол, ОХУ, Казакстан, Киргизстан, Гүрж улсын циркийн жүжигчдийн хамтарсан багийнхан дээсээр наадагчид, сургуультай хав ноход, морьтны гайхамшиг, уран гимнастик, агаарын акробат, хөгжилтэй алиалагчид, жонглёр, тэнцвэрийн үзүүлбэрүүд зэрэг бүтэн хоёр цагийн хөтөлбөрөө үзэгчдэдээ толилуулав.

Сэтгэгдэл: