Манай Монголчууд мөөгийг хоол хүнсэндээ хэр сайн хэрэглэдэг вэ? Мөөг хүний бие организмд ямар чухал ач холбогдолтой вэ?
Энэ талаар “Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ-ын дэргэдэх хясаан мөөг тариалах сургалтын төвөөс сурвалжилгаа бэлтгэлээ.
Мөөгөнд нарны гэрэл, хөрсний шим тэжээл огт хэрэггүй. Түүнд зохих чийг дулааныг өгөхөд л өөрөө аяндаа хаана ч хамаагүй ургачихдаг гэнэ. Уул тал, хөндий, ой мод, хад чулуу, барилгын хана таазанд хүртэл ургана. Монгол Улсын хэмжээнд 630 зүйл мөөг бүртгэгдсэнээс 116 нь хүнсэнд хэрэглэж болно гэсэн судалгаа гарчээ.
Эрдэнэт хотынхоо иргэдийг мөөгийг түлхүү хэрэглүүлэх, хүний бие организмд хэр чухал нөлөөтэй болохыг ойлгуулах зорилгоор "Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ГҮТББ , "Эрдэнэт ШУТП" ОНӨҮГ хамтран хясаан мөөг тариалах төв нээжээ.
Тус төв нээгдсэнээр Орхон аймгийн айл өрх бүр мөөг тариалах боломжтой болж байна. Мөн сургалтын төвтэй болсноор орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болох, ажлын байр нэмэгдэх олон эерэг үр дагавартай юм.
Нэг жилийн хугацаанд мөөгний сургалтад 25 иргэн хамрагдсан бөгөөд хус модноос ургадаг хясаан мөөгийг сүрлээр хөрс бэлдэх технологийн аргаар ургуулж анхны ургацаа хураан авчээ. Цаашид эдгээр иргэн таримал мөөгийг орон нутагтаа кластер хэлбэрээр хөгжүүлж, брэнд бий болгохоор зорьж байна.
Сургалтын төвийн үйл ажиллагаа зургаан сараас жигдрээд хясаан мөөг өдөр бүр Эрдэнэтийн иргэдийн хоол хүнсэнд хэрэглэгдэж эхлэх талаар "Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ГҮТББ-ын гишүүн, Хясаан мөөг тариалах сургалтын төвийн дадлагын багш Т.Энхсүлд хэллээ.
Аль болох олон хүнд хүргэхийн тулд үйлдвэрлэлийн түвшинд мөөгөө гаргаад хэрэглэгчдийнхээ гар дээр нийлүүлэх зорилготой байгаа аж. Ингэхдээ эрүүл ахуйн чанарыг баримтална. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй “Мөөжиг органик” болон өөрсдийн сургалтын төвөөр дамжуулан худалдан борлуулна.
Шинээр гарч буй 1кг мөөг 20000 мянган төгрөг гэж тооцоолж байгаа талаараа ч дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөөг нь жилийн дөрвөн улиралд тариалах боломжтой мөн орлого олох боломжтой гэдгээрээ давуу талтай учраас сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхлэх залуусын тоо нэмэгдэж байгаа. Тэр дундаа хясаан мөөг тариалах үүнийгээ ашигтай бизнес болгох зорилготой олон хүмүүс нэгдэж хоршоо үүсгэн хамтарч ажиллаж байна.
МӨӨГ ТАРЬЖ СУРСНААР ӨРХИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА
Сургалтын төвийн дадлагын багш Т.Энхсүлд: Мөөг маш олон төрлийн шим бодисыг агуулж байдаг. Бие махбодод ач тустай. Гэсэн ч монголчууд мөөгийг тогтмол хэрэглэдэггүй. Хааяа баяр ёслолоор шарсан маханд хачир болгон хэрэглэдэг. Миний хувьд ч өмнө нь ингэж л хэрэглэдэг байлаа. Харин одоо бол өдөр бүр хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг болсон. Мөн маш олон төрлийн мөөгийг ялгаж сурч байна, хортой мөөгийг хоол хүнсэндээ хэрэглэвэл ямар сөрөг үр дагавартай гэдгийг ч бас энэ сургалтаараа дамжуулан мэдэж авсан. Хамгийн гол нь мөөг тарьж сурснаар өрхийн бизнес эрхлэх боломж нээгдэж байна.
Орхон аймгийн ШУТП-ын Бизнес хөгжлийн төвөөс сургалтын төв байгуулж үйл ажиллагаагаа явуулах ажлын байраар хангаж илүү олон хүнд хүрч ажиллах боломжийг нээж өгчээ. Энэ нь тэдэнд маш том дэмжлэг болж байгааг талархал дүүрэн ярьж байлаа.
МӨӨГИЙГ СҮРЬЕЭ БОЛОН ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ АНАГААХАД ХЭРЭГЛЭДЭГ
Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй шим тэжээлийн ач холбогдол өндөр ургамал бөгөөд эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд түгээмэл хэрэглэдэг. Мөн дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестериныг багасгах, вирусийн эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. Хатаасан мөөгөнд 20-30% орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно. Мөөгийг сүрьеэ болон халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Хүн өдөрт 100-150 грамм шинэхэн мөөг хүнсэндээ хэрэглэж байвал биеийн байдал сайжирч, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг даван гарах чадварыг нэмэгдүүлдэг байна.
Эрдэнэтийн иргэд зургаан сараас эхэлж өдөр тутмынхаа хүнсэнд мөөгийг хэрэглэдэг болох нь ээ. Мөөгний зах зээл Монголд төдийлэн эрэлттэй байдаггүй ч энэ хүнсийг хэрэглэхийг уриалж үйлдвэрлэж тарьж байгаа олон хүн байдаг. Хоол хүнсэндээ дадал зуршил болгон хэрэглэх эрүүл хүнс бол МӨӨГ юм.
Сэтгэгдэл: