Япон Улсын Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны Үндэсний төвийн Олон улсын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны газар, Хүний нөөцийн Хөгжлийн хэлтэс, Судалгааны албаны дарга Иноүэ Нобуакитай ярилцлаа. Тэрээр Хүний их эмч/MD/, нийгмийн эрүүл мэндийн магистр /MPH/, Америкийн хүүхдийн эмч нарын академийн гишүүн/FAAP/ юм.
-Та сая ярилцлагынхаа эхэнд монгол эмч нарын ур чадварыг магтаж байсан. Ялангуяа хөдөө, орон нутгийн эмч нарыг?
-Тиймээ. Монголын эмч нар аливааг сурахдаа шалмаг, санаачилгатай ханддаг нь олон сургалтын явцад анзаарагдаж байсан. Алслагдсан сумдын эмч нар багаар ажиллах боломжгүй, цөөхүүлээ тул шийдвэрийг бие дааж гаргах, байгаа тоног төхөөрөмжиндөө тулгуурлан онош, дүгнэлтийг шуурхай, үнэн, зөв гаргаж ажиллаж байгаа нь бахархууштай байсан.
-Та Япон, АНУ, Австрали улсад яаралтай тусламж, Хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцаж мэргэшсэн гэсэн. Монголын Яаралтай тусламжийн эмч нарт ямар чиглэлээр сургалт орж байна вэ?
-Монголын эрүүл мэндийн салбарт Яаралтай тусламжийн тасаг байгуулагдаад удаагүй байна. Хэдий сайн хөгжөөгүй ч эмч нарын ур чадвар их сайн. Яагаад гэхээр, хөдөө орон нутагт ажиллаж байгаа анхан болон дунд шатлалын эмнэлгийн эмч нар багаар ажиллаж шийдвэр гаргах боломж, хугацаа тун тааруу байдаг. Тиймээс эмч өөрөө бие дааж шийдвэр гаргах хэрэгтэй болно. Үүний тулд өөрсөндөө байгаа эхо аппаратыг ашиглан үнэлгээ өгч сурахад нь бидний сургалт чиглэж байгаа юм. Монголын бүх эмнэлэгт СТ рентген байхгүй. Харин эхо аппарат түгээмэл байгаа учир үүнд нь суурилж ур чадварыг нь дээшлүүлж байгаа юм. Ер нь эмч хүн тасралтгүй суралцаж байдаг. Тиймээс тэдний тасралтгүй суралцахад нь дэм болж байна.
Нөгөө талаас, аливаа улсын эдийн засаг хөгжөөд ирэхээр халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо багасч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирдаг. Тухайлбал, тархины цус харвалт, зүрхний дутагдлаар нас барагсдын тоо хүртэл цөөрдөг. Энэ хоёр өвчин ихэсхэд эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээ их хэрэгтэй болдог.
Ер нь эдийн засаг хөгжөөд ирэхээр хүмүүсийн амьдралын чанар сайжирч урт насална. Урт наслаад ирэхээр дээрх хоёр өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгддэг. Ингэхээр тухайн хүнд ч тэр эрүүл мэндийн салбарт ч тэр гэнэтийн хүндрэл үүснэ. Үүнээс болж Яаралтай тусламжийн төвийн хэрэгцээ, шаардлага дагаад нэмэгддэг.
Иймд Монголын Яаралтай тусламжийн тасгийн эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, хамтран туршлага судлахад манай баг танай аймагт ирж ажиллаж байгаа юм. Олон Улсад яаралтай тусламжийн төвийн эмч нарын ашиглаж буй аргачлал, эхо аппаратын хэрэглээ, онош, дүгнэлт гаргах аргыг зааж өгч байна. Энэ нь төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
-Энэ ямар төсөл вэ? Манай улсад хэдэн оноос хэрэгжиж эхэлсэн бэ?
-“POCUS” төсөл юм. 2019 онд Японы Яаралтай тусламжийн эмч нарын баг Монголд ирээд эхо ашиглалтын талаар анх сургалт орсон. 2020 онд Ковид гарсан тул бид цахимаар сургалтаа үргэлжүүлж 2021 оноос хөл хорио зогсонгуут Монголд ирж дахин сургалтаа үргэлжүүлсэн. Бид ирсэн хойноо монгол эмч нарын заах аргазүйг хараад төсөл маань сайн хэрэгжинэ гэдэгт итгэж үргэлжүүлэхээр болсон. Миний ажигласнаар, монгол эмч япон эмч нараас заах аргазүй, аливааг санаачилж хэрэгжүүлэхдээ гойд сайн санагдсан. Учир нь Япон эмч нар СТ рентген аппаратаар оношилгоо хийж дүгнэлтээ гаргадаг бол Монгол эмч нар эхо аппартаа бүрэн төгс ашиглаж шууд дүгнэлтээ гаргаад явж байсан. Бас монголчууд бусдад заахдаа их сайн байсан. Ингээд төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлдэж эхэлсэн. Одоо монгол, япон багш нар хамтраад хөдөө, орон нутагт сургалтаа заагаад явж байна.
-Энэ төслийн зорилго юу юм бэ? Бас эхо аппарат эмнэлэгүүдэд өгч байсан гэсэн?
-Энэ “POCUS” төслийг Японы Эрүүл мэнд, нийгмийн хөдөлмөр хамгааллын яамнаас санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхижуулахад чиглэсэн юм. “Япон эмч нар өөрсдийн ур чадварыг дэлхийн эмч нартай хуваалцаж хамтдаа хөгжье” гэсэн концестой. Төслийн санхүүжилтээр тоног, төхөөрөмж худалдан авах боломжгүй учир Жайка Олон улсын байгуулагад тоног, төхөөрөмжийн дэмжлэг хүссэн. Тэр үед ковид гараад эмнэлэгүүдэд тусламж хэрэгтэй байсан тул Жайка байгууллага өөрсдийн санхүүжилтээр Монголын эмнэлгүүдэд уушгины хатгааг оношлох эхо аппарат өгч эхэлсэн. Уушгины хатгалгааг заавал рентгэнээр биш эхогоор оношилж болох учир нийт 13 аймагт өгсөн юм. Энэ эхо аппаратыг хэрхэн ашиглахыг манай төслийн багийн эмч нар зааж сургаж мөн харилцан туршлага солилцож явна.
-Японы Яаралтай тусламжийн төвд ажиллаж байгаа эмч ер нь ямар, ямар ур чадварыг эзэмшсэн байдаг вэ, Монголын эмч нараас ялгаатай байдлыг яриач?
-Японд мэргэжлийн эмч болохын тулд заавал эзэмших ёстой ур чадвар байдаг. Монголд ч мөн ялгаагүй. Гэхдээ хоёр улсын эрүүл мэндийн тогтолцоо, засаглал нь өөр учир харьцуулж боломгүй юм.
Харин миний анзаарснаар, япон эмч нар хий гэснийг л хийдэг бол монгол эмч нар зааж өгсөнөөс илүүг хийж улам дэлгэрүүлж судалж нөхцөл байдалдаа тохируулж чаддаг.
Жишээ нь, сургалтын агуулгыг өгөөд явуулахад, монгол эмч нар агуулгаа илүү баяжуулаад, яавал монгол хүнд илүү тохирох вэ гээд өөрчилчихсөн байдаг. Тэрийг нь Японд очоод харахаар, нээрээ л ингэж тайлбарлаж болох байж, энгийн, хялбар юм гэж харагддаг. Тэгэхээр, зөвхөн бид заах бус монгол эмч нараас ч туршлага судалж, суралцаж байна.
-Их, дээд сургуулиа төгсөөд ажилд орж байгаа залуу эмч нарыг чадавхижуулахын тулд “Төгсөлтийн дараах сургалт”-ын төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн үр дүн хэр гарч байна вэ?
-Энэ сургалт нь Жайка олон улсын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой. Их, дээд сургуулиа төгссөн залуучууд ямар ч ажлын туршлагагүй шууд л хөдөө орон нутагт ажиллах болдог. Иймд орон нутгийн эмч нарт ажлын байран дээр нь сургалт явуулъя гэж Монгол Улсын Засгийн газраас Жайка Олон улсын байгууллагад хүсэлт тавьсан юм билээ. Төсөл 2015 оноос хэрэгжиж эхлээд гурван чиглэлээр ажлаа эхлүүлсэн. Нэгд, сургалт хэрэгжүүлэх дүрэм, журмыг батлахаар болж Жайкагийн эмч нар Монголын ЭМЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж эхэлсэн. Хоёрт, боловсруулсан дүрэм, журамдаа үндэслэн сургалтын хөтөлбөр болон сургалт удирдах багш нараа бэлтгэсэн. Гуравт, залуу эмч нарыг сургах Сургагч багш бэлтгэж сургалт эрхлэх байгууллагыг сонгох болон загвар байгууллага, загвар аймгийг сонгох болсон. Үүний дагуу Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв “Төгсөлтийн дараах сургалт” явуулах эрх авч 2018 оноос “Ерөнхий мэргэжил судлалын сургалт”-ыг хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн эхний шат 2015-2020 он хүртэл хэрэгжиж II дахь шатлалын төсөл нь эхэлсэн. Энэ нь сувилагч болон эх баригчдын ур чадварыг нэмэхэд чиглэсэн хоёр дахь сургалт юм. Өөрөөр хэлбэл, эхний төсөлд эмч нар хамрагдаж байсан бол одоо сувилагч, эх баригч нар хамрагдаж ур чадвараа дээшлүүлж, ажлаа хийнгээ сургалтад хамрагдаж байна.
Ер нь эмч нарт эхлээд мэдлэг, дараа нь ур чадвар, гуравт хандлага маш чухал. Сургуульд сурч байхдаа олж авсан мэдлэгээ ажлын талбарт гараад ур чадвар болгоно. Энэ мэдлэг, ур чадвараараа дамжуулж хандлага өөрчлөгддөг.
Сургуулиа төгссөн эмч нар анхныхаа өвчтөн, үйлчлүүлэгчээсээ л сурч эхэлдэг. Иймд эмч нар тасралтгүй суралцах хэрэгтэй юм.
-Та Монголд анх хэзээ ирж байв?
-Би 1996 онд Анагаахын их сургуулиа төгсөөд Яаралтай түргэн тусламжийн эмчээр мэргэшсэн. Дараа нь Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн эмчээр АНУ, Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн.
Би Монголд 2014 онд анх найзындаа зочилж ирсэн. 2016 оны 4 дүгээр сард манай төсөл Монголд үйл ажиллагаагаа явуулахаар болж 2017-2021 оны долоодугаар сар хүртэл төслийн ахлах зөвлөхөөр ажилласан. 2021 оны долоодугаар сараас хойш би Япон Улсын Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны Үндэсний төвийн Олон улсын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны газар, Хүний нөөцийн Хөгжлийн хэлтэс, Судалгааны албаны дарга ажиллаж байна. Хүний их эмч/MD/ мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр /MPH/, Америкийн хүүхдийн эмч нарын академийн гишүүн/FAAP/-ээр ажилладаг.
-Монгол Улсад дундаж наслалт 70 байдаг. Япон улс урт наслалтаараа дэлхийд дээгүүрт бичигддэг. Үүний нууц нь юу вэ? Бид урт наслахын тулд юуг ухамсарлах ёстой вэ?
-Монголчууд өөх тостой, давс ихтэй хоол, хүнс хэрэглэдэг. Энэ нь наслалтад сөргөөр нөлөөлдөг. Дасгал хөдөлгөөн хийж байгаа ч хоол хүнс маш чухал. Мөн тамхи их татаж байна. Үүнийгээ багасгах хэрэгтэй. Японд тамхи татдаг хүн эрс цөөрсөн. Гэхдээ манай улсад хэвтрийн өндөр настай хүн олон байдаг. Хүн эрүүлээр урт наслах нь чухал юм.
Тиймээс нийгмийн эрүүл мэндийн асуудлыг байнга ярьж, хэлж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол орж байх хэрэгтэй. Улс орныхоо хэмжээнд иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахын тулд эрүүл мэндийн засаглалыг сайн тогтоох хэрэгтэй гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл: