Орхон аймаг түүхт 50 жилийн ойгоо угтан нийгмийн салбарт чиглэсэн хэд хэдэн төслийг ойн хүрээнд хандив өргөж буй иргэд аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь “Шүд угаах булан” байгуулах төсөл юм.
Энэ хүрээнд өнөөдөр 50 жилийн ойд зориулан иргэн аж ахуй нэгж, байгууллагаас цугласан хандиваар ерөнхий боловсролын сургуулиудад “Шүд угаах булан” байгуулах төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Төслийн хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 17 сургуулийн 22 хичээлийн байр, хувийн хэвшлийн 4 сургууль буюу нийт 21 сургуулийн 26 хичээлийн байранд сурагчид шүдээ угаах боломжтой “Шүд угаах булан” байгуулна. Сургууль бүрт дөрвөн ширхэг угаалтуур бүхий шүд угаах зориулалтын буланг тохижуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү ажлыг нийт 136.6 сая төгрөгийн хандивын санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд боловсролын салбарт үр өгөөжтэй, хүүхэд бүрт хүрэх хөрөнгө оруулалт болно гэж үзэж буй юм.
Сургуулийн орчинд сурагчдын шүд угаах зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж ирсэн ч зориулалтын орчин, материаллаг баазын хүрэлцээ хангалтгүй байсан. Тиймээс энэхүү төсөл нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд урт хугацаанд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт болохыг сургуулийн удирдлагууд онцолж байна.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагын хандиваар хэрэгжүүлж буй бас нэг томоохон төсөл нь Эрдэнэт 50 зүрх” төсөл юм. “Бундан” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй тус төсөл нь 50 бяцхан зүрхийг эрүүл энх болгох зорилготой. Төслийн хүрээнд 150 хүүхдийг үзлэгт хамруулж, зүрхний гажигтай 34 хүүхдийг оношилсон бөгөөд өнөөдрийн байдлаар 7 хүүхэд зүрхний мэс засалд амжилттай ороод байгаа юм.
Сэтгэгдэл: