"Эрин зууны бахархал Эрдэнэт" хотын 50 жилийн ой, “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд “Эрдэнэт Марафон–2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж байна.
50 жилийн ойн хүрээнд анх удаа нээлттэй хэлбэрээр мэргэжлийн болон сонирхогчдын 14 төрөл, 8 зайн ангилалд зохион байгуулж буйгаараа онцлогтой.
“Эрдэнэт Марафон-2026”-д ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Гантулга, Ж.Олонбаяр, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Орхон аймгийн тамирчин, Хөнгөн атлетикийн Монгол Улсын ойрын зайн гүйлтийн төрлийн 5 удаагийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Мөнхтүмэн тэргүүтэй тамирчид оролцож байна.
Энэ удаагийн марафон нь Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний, олон улсын стандарт хангасан гүйлтийн тэмцээн бөгөөд мэргэжлийн тамирчид, сонирхогчид, иргэд, хүүхэд залуус, гэр бүл, байгууллагын хамт олны өргөн оролцоог хангахуйц дараах зай, төрлүүдээр зохион байгуулж байна. Үүнд:
21 км – Мэргэжлийн тамирчид, сонирхогчид
10 км – Сонирхогчид / 18-39, 40-49, +50 нас/
5 км – Орон нутгийн иргэд (18+)
3 км – Хүүхэд (14–17 нас)
2.5 км – Байгууллага, хамт олон
1.5 км – Гэр бүлийн гүйлт
1 км – Хүүхэд (10–13 нас)
800 м – Тусгай хэрэгцээт иргэд оролцож байна.
Зохион байгуулагчид 5км тутамд уст цэг байгуулж, бүх төрлийн гараа, барианы цэгийг хотын төв талбай болох Амарын талбайд төвлөрүүлж, маршрутыг олон улсын шаардлагад нийцүүлэн тэмдэгжүүлсэн байна. Мөн тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Хөнгөн атлетикийн холбооны 8 шүүгч ажиллаж байгаа бол туслах шүүгч, цагдаагийн бие бүрэлдэхүүн, зохион байгуулагч гээд 50 гаруй бүрэлдэхүүн ажиллаж байна.
Тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Орхон аймгийн Хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон бусад албаныхан оролцлоо.
Сэтгэгдэл: