Нийгэм | 2026-08-25
Д.ҮҮРИЙНТУЯА: ГАН ГАЧГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮЖИЛТ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ
А.Админ / 58
Д.ҮҮРИЙНТУЯА:  ГАН ГАЧГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮЖИЛТ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Ган гачгийг даван туулах хүртээмжтэй чадавх: Жендер, залуучууд ба хөрөнгө оруулалт” сэдэвт өндөр түвшний арга хэмжээ 2026 оны наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Дэлхийн механизм, Өмнөд Африкийн Усны дэлхийн түншлэл, Граса Машелийн Итгэлцлийн сан хамтран зохион байгуулж, төр засаг, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгээр ган гачгийг зөвхөн байгаль орчны асуудал бус, иргэдийн амьжиргаа, орлого, эдийн засгийн боломж, нийгмийн тэгш хүртээмжтэй холбоотой хөгжлийн сорилт хэмээн авч үзэж, эрсдэлийг даван туулахад санхүүжилт, хөрөнгө оруулалт, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо, манлайллыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Монгол Улсыг төлөөлөн оролцсон УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Монголын малчин өрхийн амьжиргаа газар, ус, бэлчээр, мал сүргээс шууд хамаардаг учраас ган гачгийн нөлөө өрхийн орлого, хүнсний аюулгүй байдал, хуримтлал, цаашдын хөрөнгө оруулалтын боломжид шууд хүрдэгийг тэмдэглэлээ.

Тэрбээр ган гачгийн эрсдэлийг хохирол учирсны дараа нөхөхөөс илүүтэй урьдчилан бууруулах тогтолцоонд шилжих шаардлагатайг онцолж, цаг агаар, усны нөөц, бэлчээрийн төлөв, даацын талаарх эрт сэрэмжлүүлэх мэдээллийг малчин өрхийн бодит шийдвэртэй холбохын зэрэгцээ санхүүжилт, даатгал, технологи, зах зээлийн боломжийг орон нутагт хүртээмжтэй хүргэх нь чухал гэв.

Мөн хөдөөгийн эмэгтэйчүүд өрхийн аж ахуй, мал маллагаа, гэр бүл, хүүхдийн асаргаа зэрэг олон талт үүрэг хүлээдэг бол ган гачиг, орон нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал нь залуучуудын нутагтаа ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх сонголтод шууд нөлөөлдөг болохыг дурдлаа.

Иймээс эмэгтэйчүүд, залуучуудыг зөвхөн уур амьсгалын эрсдэлд өртөгч бүлэг бус, орон нутгийн нөхцөлөө хамгийн сайн мэдэх шийдэл бүтээгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтын түнш гэж харах шаардлагатайг онцлов.

Хэлэлцүүлгээр мөн бага орлоготой малчин өрхүүдэд ердийн арилжааны зээлээс гадна орлого, эрсдэл, орон нутгийн онцлогт нийцсэн даатгал, хөнгөлөлттэй санхүүжилт, жижиг зээл, ногоон хөрөнгө оруулалт, батлан даалтын механизм шаардлагатайг тэмдэглэж, төр, хөгжлийн санхүүжилт болон хувийн хэвшлийн хөрөнгийг хослуулсан санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хөндлөө.

🌿 Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа эмэгтэйчүүдийн манлайлал, байгаль хамгаалал, ногоон санхүүжилтийг уялдуулах зорилготой “Баянбүрд–Эмэгтэйчүүд” сан /Oasis Women Foundation – OWF/ болон гэр бүл, хүүхэд, залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх “Бөртэ” гэр бүл, эмэгтэйчүүдийн академийн үйл ажиллагааг танилцууллаа.

Тэрбээр ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах урт хугацааны чадавхыг зөвхөн дэд бүтэц, төсөл хөтөлбөрөөр бус, хүний мэдлэг, ур чадвар, эдийн засгийн боломж, шийдвэр гаргах оролцоог бэхжүүлэх замаар бий болгох шаардлагатайг онцлоод:

“Зөвхөн төсөлд бус, хүнд хөрөнгө оруулъя. Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя. Залуучуудад хөрөнгө оруулъя. Гэр бүл, орон нутгийн иргэдэд хөрөнгө оруулъя" хэмээн уриаллаа.

Сэтгэгдэл: