Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарихаар төлөвлөн ажиллаж буй. Иймд уг хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг цогц байдлаар төлөвлөх үүднээс “Ногоон Эрдэнэт” зөвлөгөөн зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөнд мод тарих болон мод үржүүлгийн газар байгуулах байршлын төлөвлөлтийн танилцуулга болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын оролцоо зэрэг илтгэлүүд танилцуулагдана. Мөн хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллах гэрээ үзэглэхээс гадна мод тарих сургагч багш бэлтгэх сургалтын гэрчилгээ олгох юм.
Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг 2030 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 800 сая төгрөг зарцуулахаас 2022 онд 100 сая төгрөг төсөвлөсөн байна. “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр нь суурьшлын бус газруудад үе шаттайгаар мод тарьж, ойн төгөл, зурвас байгуулах, жилд ойжуулах талбайн хэмжээг 25 га-д хүргэх, хэрэгцээтэй тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжих юм.
Сэтгэгдэл: