Монгол Улс, Польш Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр Орхон аймагт хог боловсруулах, ангилан ялгах үйлдвэр барьж байна. Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барих гэрээг анх 2019 онд Польш Улсын Засгийн газартай байгуулж байсан билээ.
Тэгвэл тус төслийн хүрээнд зам талбай цэвэрлэх, хог хаягдлыг ачиж тээвэрлэх, татан зайлуулах, дарж устгах олон үйлдэлт 12 машин, механизмыг Хот тохижуулах газарт хүлээлгэн өглөө.
Үүнд, хоёр ковш, зургаан шахдаг машин, хоёр хово, хог дарж булшлах нэг бульдозер, зам цэвэрлэгээний нэг машин багтжээ. Ингэснээр Хот тохижуулах газрын парк шинэчлэлт 90 хувьд хүрсэн бөгөөд энэ онд орон нутгийн төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр долоон машин нэмж авснаар парк шинэчлэлт бүрэн хийгдэх аж.
Үүний дүнд Орхон аймгийн 29 мянган өрх айл болон аж ахуйн нэгж, байгууллагын хогийг татан зайлуулах, ангилан ялгах, дахин боловсруулах боломжтой болж байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Хот тохижуулах газарт олон улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 33.8 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийсэн байна.
Сэтгэгдэл: