Хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноны дүрүүд, унших дуртай үлгэрийн баатрууд Амарын талбайд амилж, "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023" арга хэмжээ эхэллээ.
“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн Номын баярын нээлтийн парадад төрийн байгууллагын албан хаагчид, хүүхэд багачууд оролцож үлгэрийн баатрын дүрд хувилж, өрсөлдлөө. Үлгэрийн баатрыг чадварлагаар амилуулсан шилдэг таван байгууллагыг шалгаруулж урамшууллаа.
I байр- Татварын хэлтэс
II байр- XVIII Цэцэрлэг
III байр- Ерөнхий боловсролын XX сургууль
Тусгай байр - Онцгой байдлын газар
Тусгай байрт- Жаргалант соёл, мэдээллийн төв шалгарлаа. Шилдгээр шалгарсан байгууллагуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Номын баяраар номд хайртай, шимтэн уншдаг хүүхдүүдийг Тэргүүний уншигч “Нацагдорж тэмдэг”-ээр шагнадаг уламжлалтай. 34 дэх удаагийн Номын баярын үеэр Лаборатори VIII сургуулийн сурагч Т.Пүрэврагчаа, IV сургуулийн сурагч Б.Эрчим нар Нацагдорж тэмдгээ гардан авлаа.
Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн Т.Пүрэврагчаа: Номын баярын өдөр Нацагдорж тэмдэгтэн болсондоо баяртай байна. “Би чадлаа” гээд хашхирмаар, онгирмоор санагдаж байна. Би өнөөдөр тэмдгээ зүүгээд хичээлдээ явна. Найзуудаа үзүүлэхсэн гэхээс догдолж байна. Би ном унших үнэхээр дуртай. Тэр дундаа адал явдалт ном их уншдаг. Миний хамгийн дуртай ном бол “Хүүхэд багачуудын нэвтэрхий толь” юм. Манай гэр бүлийнхэн намайг номд дуртай, унших сонирхолтой болгосон. Цаашид зохиолч болохыг мөрөөдөж байгаа. Өөрөө ном бичих учраас номтой нөхөрлөж байна. Хэрвээ хүүхдүүд ном уншмаар байвч залхуу нь хүрээд байвал адал явдалтай ном уншиж эхлэхийг зөвлөж байна. Жаалхүү Каралсон хоёрын тухай гурван туужийг уншаад үзээсэй гэж хүсэж байна. Бас комик ном унших их сонирхолтой байдаг шүү. Бүгдээрээ номтой нөхөрлөцгөөе.
Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн Б.Эрчим: Намайг бага байхад аав маань үлгэрийн ном уншиж өгдөг байсан. Харин одоо би сонирхлоороо адал явдалт ном уншдаг. Чөлөөт цаг гарвал ном уншихыг эрмэлздэг учраас гар утас үзэх, өөр зүйлд сатаарах зав гардаггүй. Уншиж байгаа номдоо дурлаж, дотор нь орж унших их гоё байдаг. “Цагаан соёот” бол миний санаанаас гардаггүй, хамгийн гоё номын нэг. Хүүхдүүд ч гэсэн уншаад үзээсэй гэж хүсэж байна. Цаашдаа илүү их ном уншихыг л эрмэлзэнэ дээ.
“Номтой Монгол” уриатай намар цагийн номын баярын үеэр хамгийн олон номтой, гэрийн номын сан шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү уралдаанд 22 айл бүртгүүлж оролцсоноос, шилдэг таван өрхийг шагнаж урамшууллаа.
Шилдэг номын сантай өрхөөр Зэст багийн иргэн Г.Номмандах шалгарлаа. Тэрээр гэрийн номын сандаа 2500 гаруй номтой юм. Мөн 1500 гаруй ховор номын цуглуулгатай Согоот багийн иргэн Б.Цэрэндондов, Д.Алтангэрэл, Уртбулаг багийн иргэн О.Мөнхтуяа, Согоот багийн иргэн Л.Уламбат нар шалгарч, шагналаа гардан авлаа.
Номын баяр хоёр өдөр үргэлжилнэ. Номын баярын үеэр хуучин номын солилцоо, худалдаа, Орхон аймгийн зохиолч, яруу найрагчдын гарын үсэгтэй номын худалдаа болохоос гадна Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах юм.
Нийтийн номын сангийн дарга Д.Цэнд-Аюуш: Улс орон даяар 34 дэх удаагийн Номын баяр өргөн дэлгэр, сайхан болж байна. Орхон аймгийн хүн амын дийлэнх буюу 70000 хүн номыг шимтэн уншиж байна. Тиймээс ч Номын баярыг ач холбогдол өгч тэмдэглэдэг. Баярын нээлтэд төрийн байгууллагын төлөөлөл, хүүхдүүд нийлсэн 100 гаруй хүн оролцож Үлгэрийн баатруудыг амилууллаа. Хоёр өдрийн турш Нийтийн номын сангийн урд Урт цагааны гудамж номоор дүүрэн байх болно.
"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022" арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст эрдэм номыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Сэтгэгдэл: