Орхон аймаг уул уурхайн салбараа сурталчлах зорилгоор энэ сарын 22, 23-нд “Зэс фестиваль” зохион байгуулна. Тус фестивалийн үеэр аймгийн Музейгээс түүх, угсаатны зүйн холбогдолтой зэс эдлэлийн үзэсгэлэн гаргахаар бэлдэж байна. Энэ талаар Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баасанхүүгээс тодрууллаа.
- “Зэс фестиваль”-ийн үзэсгэлэнд хэддүгээр зуунд хамаарах зэс эдлэлүүдийг дэлгэж, олон нийтэд толилуулах вэ?
- Монголчууд “юу байна түүгээрээ” гэж ярьдаг. Яг энэ жишгээр Орхон аймаг, Эрдэнэт хот өөрийн брэнд зэсийг олон нийтэд сурталчлан таниулах, түүгээр дамжуулж орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр “Зэс фестиваль”-ийг анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү фестивалийн үеэр аймгийн Музей сан хөмрөгтөө хадгалагдаж буй XIX-XX зууны эхэн үед хамаарах зэсэн эдлэлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Нийт 50 гаруй үзмэр эд өлгийн зүйлсийг олон нийтэд толилуулна.
Тухайлбал, Монголчуудын эрт үед ахуй амьдралдаа хэрэглэж байсан зэсэн сав суулга, домбо, данх, цар зэргийг үзэсгэлэнд дэлгэнэ.
- Аймгийн Музейд хадгалагдаж буй зэсээр урласан ховор бүтээл, эдлэлүүдээс танилцуулаач.
- Манай Музейн үзмэрт XX зууны үеийн Мөнгөн бүслүүртэй, зэсээр хийсэн тав болон найман литрийн багтаамжтай зэсэн хувин бий. Нутаг нутгийн онцлогоос хамаарч зэс эдлэлүүдийн хийц өөр байдаг.
Зураг 1: Мөнгөн бүслүүртэй зэс хувин XX зуун - Мөн үзэсгэлэнд хөөмлийн аргаар хийсэн зэсэн чимэглэлтэй лонхыг гаргаж тавина. XX зууны үед хамаарах уг лонхыг шил, зэсээр урласан, хийцийн хувьд дахин давтагдашгүй юм.
Зураг 2: Зэс чимэгтэй сав XX зуун
- Орхон аймгийн иргэд холоос зорьж ирсэн хүндтэй зочиндоо зэс эдлэл бэлэглэдэг. Өөрсдөө ч амьдрал ахуйдаа зэс аяга, домбо, халбага, сэрээ, савх зэргийг өргөн хэрэглэдэг. Энэ нь нутгийн брэнд бүтээгдэхүүн гэдгийг улам тодотгож байгаа санагддаг. Аймгийн Музейд Эрдэнэтийн түүхийг харуулсан зэсэн эдлэл, дурсгалын зүйлс хэр их байдаг вэ?
- Зэс нь эдийн засгийн болоод бүхий л талаараа нэн ашигтай, ач холбогдол өндөр металл юм. Тиймээс ч бид эрт үеэс ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн. Эрт үед Монгол эмэгтэйчүүдийн гоёл зүүсгэлийг зэсээр хийдэг байв. Мөн зэс эдлэлийг биедээ байлгаж зэсийн өнгөний хувирлаар хүний биеийн эрүүл мэндийг хүртэл шинжиж, эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлал бий. Үүнээс харахад зэс нь Монголчуудын тэр дундаа Орхон аймгийн иргэдийн гол хэрэглээ байдаг. Аймгийн Музейд 1975 оны үеийн зэсэн эдлэл, дурсгалын зүйлс хадгалаатай байдаг. Тухайлбал, аймгийн бэлгэдэл арсланг хөөмлийн аргаар зэсээр урласан бүтээл бий. Энэ мэтчилэн ховор, түүх өгүүлсэн зэсэн эдлэлийг үзэсгэлэнд дэлгэж Эрдэнэтийн ард иргэд, аялал жуулчлалаар ирж буй гадаад дотоодын хүмүүст үзүүлнэ. Үзэсгэлэн энэ сарын 22, 23-нд Амарын талбайд болох тул иргэдийг ирж түүх, угсаатны зүйн холбогдолтой зэсэн эдлэл, дурсгалын зүйлсийг үзэж сонирхоосой гэж хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа.
Зураг 3: Морьтой эмэгтэй
Зураг 4: Зэс данх XX зуун
Сэтгэгдэл: