Дэлхийн багш нарын 29 дахь, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Баярын өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Ерөнхий боловсролын XIV сургуулийн нийгэм, түүхийн багш О.Эрдэнэболдтой ярилцлаа.
- Та боловсролын салбарт тасралтгүй 20 жил ажилласан. Таны хувьд “Сайн багш”-ийн тодорхойлолт юу вэ? Энэ мэргэжлийн үнэ цэн юунд оршдог вэ?
- Хэрэв багшийн мэргэжлийг сонгосон л бол сайн багш болох ёстой. Хүүхдийг ойлгодог, хайрладаг, мэдэрдэг, энэрдэг нэгэн л жинхэнэ багш байдаг. Нэг анги 40 хүүхэдтэй бол тэр ангид дөчин өөр ертөнц оршиж байдаг. Тэр ертөнцөд нэвтэрч чадаагүй байж хүүхдүүдэд мэдлэг олгох, онц сурч, сайн хүн болох талаар яриад ч нэмэргүй. Тиймээс багш бүр хүүхдийн СЭТГЭЛ ЗҮЙЧ байх хэрэгтэй. Багш нар анги дааж авахаараа багшийн мэргэжлийн онцлогийг илүү мэдэрдэг. Асуудал тулгарсан үед тэдний харцнаас нь бүх зүйл мэдрэгддэг. Зарим өдөр гунигтай, заримдаа ширүүн аашилна. Ингээд л эхэлбэл асуудал үүсгэж, сэтгэл зүйд нь өөрчлөлт орчихсон байдаг. Би хүүхдүүдтэйгээ нээлттэй, илэн далангүй ярилцахыг хичээдэг учраас тэд надад итгэдэг. Багшдаа итгэдэг байх нь асуудлыг шийдвэрлэх гол ТҮЛХҮҮР болдог.
- Мэдлэгийг системтэй, цэгцтэй олгоход багшийн заах арга чухал байдаг. Таны онцлог юу вэ?
- Би хүүхдүүдэд “үгэн үнэлгээ” өгдөг. Хүүхэд бүр дахин давтагдашгүй учраас бүгдэд нь сайн тал, давуу чанарууд бий. Хичээлээ удаан хийгээд, хамгийн сүүлд үзүүлж байгаа нь “Тууштай” нэгэн гэдгийг нь илтгэж байдаг. Аливаад хүлээцтэй хандаж, эхлүүлсэн зүйлээ дуусгаж чадаж байна шүү дээ. Тиймээс чи ёстой тууштай хүү/охин шүү гэж магтдаг. Хичээлд маш идэвхтэй оролцож, түрүүлж дуусгаад найздаа зөвлөж байгаа нэгэн бол яалт ч үгүй “Тусч” хүүхэд байдаг. Энэ мэтээр өөрийнх нь онцлог, ёс суртахууны хэм хэмжээг нь үнэлж түүнийгээ бодоод өнгөрөх биш заавал өөрт нь аминчлан хэлдэг.
Бүх хүүхдэд хичээлд оролцохдоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог
Мөн мэтгэлцээний урлагаар хүүхдүүдийг хөгжүүлж өөрийн гэсэн байр суурь, итгэл үнэмшилтэй, түүнийгээ бусдад ойлгуулах чадвартай иргэнийг бэлдэхийг зорьдог. 2008 оноос “Хэмжээгүй хэмжүүр” мэтгэлцээний клуб хичээллүүлж байна. Энэ хугацаанд 200 гаруй мэтгэлцээний шавьтай болжээ. 2011 онд шавь нар маань Үндэсний мэтгэлцээний аварга болж байлаа.
- Нийгмийн ухааны хичээлээр хүүхдүүд ямар мэдлэг, ур чадварыг эзэмшдэг вэ? Таны мэргэжлийн онцлог юу вэ?
- Би түүх, нийгмийн багш, судлаач мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ ажиллаад 20 дахь намартайгаа золгож байна. Нийгмийн хичээлээр нийгмийн харилцаа, соёл, хууль, эдийн засаг, улс төр, олон улсын харилцааны мэдлэгийг олгодог. Энэ хичээлээр ЭЕШ өгсөн тохиолдолд нийгэм, эдийн засаг, соёл, улс төр, олон улсын харилцааны мэргэжлээр их дээд сургуульд элсэн суралцах боломжтой байдаг. Хүүхдүүд ихэнхдээ сэтгэл зүйч, цагдаа, хуульч мэргэжлийг түлхүү сонгон суралцдаг. Харин нийгмийн багшийн мэргэжлээр суралцаж байгаа хүүхэд ховор байна.
- Таны сурагчид ирээдүйд ямар боловсон хүчин болж бэлтгэгдээсэй, “хэн” байгаасай гэж боддог вэ?
- Шавиа өөрөөсөө илүү сайн хүн болоосой гэж хүсдэг. Тийм болгохын тулд бэлддэг, зааж зөвлөдөг. Ажлын байрандаа гологддоггүй, зөв хандлагатай, мэрийлттэй, ажлаа чинь сэтгэлээсээ хийгээд ИНЭЭГЭЭД явж байвал миний хамгийн том бахархал тэр байх болно. Нийгмийн ухааны хичээлээр бэлтгэсэн хүүхдүүд маань сүүлийн гурван жилд нийгмийн хичээлийн ЭЕШ-ын оноогоор аймагтаа тэргүүлсэн. Энэ онд 12а ангийн сурагч Б.Баярчимэг ЭЕШ-д 800 оноо авч, улсад тэргүүлсэн. Шавийн эрдэм багшаас гэдэг. Тиймээс би мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд уралдаан тэмцээнд тогтмол оролцдог. 2022 онд Нийгмийн ухааны Улсын олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн.
- Гүйцэтгэлийн үнэлгээний талаарх бодлоо хуваалцаач.
- Энэ жил улсын хэмжээнд нийт багш нарын 51 хувь нь шаардлага хангаж гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал авахаар болсон. Босго өндөртэй, шалгуур ихтэй үнэлгээ гэж хардаг. 78 хувиас дээш оноо цуглуулсан багшид урамшуулал олгож байгаа. Нэгдүгээр индексээр үнэлэгдвэл цалингийн 25 хувь, хоёрдугаар индекс нь 20 хувь, гуравдугаар индекс 15 хувь, дөрөвдүгээр индекс 10 хувийн урамшуулал авдаг. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ нь бүтэн жилийн хөдөлмөрийн үнэлгээ байдаг. Мэдээж энэ урамшуулал нь багшийн эдийн засагтай шууд холбоотой асуудал учраас ачаалал нэмэгддэг.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл: