Нийгэм | 2023-10-09
Намрын мод тарилтаар 196 мянган ширхэг мод тарина
Б.Саранчимэг / 169
Намрын мод тарилтаар 196 мянган ширхэг мод тарина

Орхон аймаг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оноос хойш 1.6 сая ширхэг, өнгөрсөн хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр 386 мянган ширхэг мод тарьсан байна. Харин энэ намар 15 байршилд 75 га талбайд 196 мянган ширхэг мод тарина.

Энэ жил шинээр ойн төгөл байгуулахаар Тарлан толгойд мод тарих юм. Энэ нь Цэцэрлэгт хүрээлэнгийн урд уулын энгэр газар бөгөөд төрийн байгууллагын ажилчид, сургууль, цэцэрлэгийн хамт олон, нийт иргэдийг тарлан толгойд мод тарихыг уриаллаа.

Өнгөрсөн жилүүдэд тарьсан модны ургалтын хувь 70.25 хувьтай, олон нийтийн оролцоотой тарьсан модны ургалт муу байгааг аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан мэдээллээ. Тэрээр мод тариад орхих биш тарьсан модоо ургуулахад иргэн, байгууллага бүр анхаарч тарьсан модоо эргэж, арчилдаг байх нь зүйтэй гэсэн юм.

Мөн ирэх жилээс нэрэмжит төгөлүүдийг хариуцах эзэнтэй болгоно. Ирэх оны төсөвт цалин, урамшууллыг суулгаж ойн төгөлүүдийг ахмадуудад хариуцуулж, цалингийн доод хэмжээгээр урамшуулал олгох юм.

Сэтгэгдэл: