Тохойн чинээ суулгасан шинэс моднууд нь одоо түүнтэй эн тэнцжээ. “Эднийг хардаа, хамгийн сайхан нь эд шүү дээ” гэсээр тал, тал тийш заах Д.Гомбо гуай цэл залуу наснаасаа цал буурал болтлоо ой “ургуулж”, “үржүүлж” яваа нэгэн.
Нам, засгийн бодлогоор сурах сургууль, эзэмших мэргэжлийг шийддэг байсан цагийн Монгол Улсын анхдагч ойн инженерүүдийн нэг.
Нас залуу бага хүү ямар мэргэжилтэй болохоо ч ухаж ойлголгүй ХААДС-ийн босгыг давж, 1967 онд төгссөн тэр цагаас байгальтай “ярилцаж” ургуулж, үржүүлэн, ойн баялгаа зөв зохистой ашиглах чиглэлээр сурсан эрдмээ түгээн дэлгэрүүлж яваа.
Баян-Өндөр хайрханы арын бэл Баянцагааны өврийн 350 га ойг 14 жилийн турш хариуцан арчлан хамгаалж, тарьж ургуулж буй ахмад ойн инженер Д.Гомбо гуайн мод үржүүлгийн талбайд зорин ирээд байгаа нь энэ.
14 жилийн өмнө тэтгэвэрт гарснаасаа хойш түмэн завгүй, энэ уулын нэгээхэн хэсгийн “эзэн” нь болсон тэрээр намрын ажлынхаа ард гарч амсхийгээд байх үетэй нь таарав.
Хууль бус мод бэлтгэлийн уршгаар ташаа энтэй тайрсан ердойсон хожуул, хортон шавжид идүүлсэн уулын бэлийн модод бүл нэмж, үндэс, мөчир салаа бүрээрээ төлжин ургаж, намрын өнгөө зүүжээ.
Модыг модоор нь хамгаалав
Мод үржүүлгийн талбайн хамгаалалтын хашаагаа гишүүгээр хийсэн нь нүдэнд онцгой тусав. Ойн цэвэрлэгээнээс гарсан хаягдал гишүүгээр 300 гаруй га талбайгаа хашаажуулсан нь энэ ажээ. Хамгаалалтын хашаа хийхгүй л бол мал тэсгээхгүй. Тиймээс модыг модоор нь хамгаалах энэ ажлаа хоёр сарын турш мөлхөн байж ард нь гарчээ.
Ойн менежментийн төлөвлөгөөгөөр жилд 8-10 га талбайд ойн цэвэрлэгээ хийх учиртай. Эхний жилүүдэд 10 га талбайд ойн цэвэрлэгээ хийдэг байсан бол одоо 6 га болон багасчээ. Энэ хэрээрээ ой цэвэрхэн байж, цэвэрлэх талбай нь жил ирэх бүр багасч буй хэрэг л дээ.
Өдгөө мод үржүүлгийн талбайд нь олон төрлийн жимсний модноос эхлээд шинэ сортын тарьц, агч, голт бор гэгчлэн 60 гаруй нэр төрлийн мод бут, тарьц, суулгац өнгө хослон намрын зүсээ хувиргажээ. Жил бүрийн хавар, намрын мод тарилтаар ААНБ, иргэнд нийлүүлдэг 500-800 ширхэг төрөл бүрийн тарьц суулгац, мод бут нь хотын төв, айл өрхийн гадаа өнгө хослон ургаж буйд тэрээр баярладаг.
Орхон аймгийн нийт 18.5 га талбай бүхий ойн сангийн 44.12 хувийг 10 гаруй нөхөрлөл гэрээгээр эзэмшин хамгаалдаг. Тэдгээрийн нэг нь Д.Гомбо гуайн гэр бүлийн гишүүдийн “Унаган байгаль” нөхөрлөл юм. Өмнөх тогтолцооны үед Монгол Улс боловсон хүчнээ бодлогоор, журамтай бэлтгэдэг байж. Сүүлийн үед ч модныхоо нэр төрлийг мэдэхгүй хүмүүс олширсон харагдах юм. Цаг үеэ дагаад бид ч “тоогдохоо” байж хэмээн салбарынхаа бодлогыг голонгуй ярив.
Монгол Улсад Ойн хууль гэж байдаг юм шүү...
56 жилийн өмнө их сургуулиа дөнгөж төгссөн шавилагхан залуу Д.Гомбо Өвөрхангай аймаг руу томилолт өвөртлөн, ажил амьдралын гараагаа эхлүүлэв.
Тэндээ ойн Гомбо нэр автлаа 20 гаруй жил “зүтгэжээ”. Энэ хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорины Сангийн аж ахуйд хөрсний элэгдлээс хамгаалах ойн зурвасыг байгуулж гэнэ. Хүчтэй салхинаас хөрсний элэгдлийг хамгаалснаар ургац 2-3 дахин нэмэгддэг Орос орны туршлагыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн нь амжилттай болжээ.
Элсний нүүдлийн эсрэг хангай нутагт заг тэргүүтэй говийн ховор модыг тарьж, ургуулан “амьтны нүдийг бүлтийлгэсэн” ажил нь бас л үр дүнтэй болов. Хожим Гео экологийн хүрээлэнгийн нэг ажилтан энэ ажилтай нь холбоотой баримт, цаасыг нь гуйхад өгөөд явуулчихжээ. Төд удалгүй өнөөх нь эрдэм шинжилгээний өгүүлэлдээ тусгаж, эрдэмтэн болчихсон гэнэ.
Анх очиход Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйн 10 ч хүрэхгүй га талбайн багахан хэсэгт мод үржүүлж байсныг 56 га болгон өргөжүүлсэн гээд түүний хийсэн бүтээсэн дундаршгүй их ээ.
1980-аад он гаргаад мөн л нам төрийн шийдвэрээр Эрдэнэтийн “Мод боловсруулах комбинат”-ын даргаар томилогдон ирж 34 жил ажиллаад байгаль орчны Гомбо нэртэйгээр тэтгэвэртээ суув. Энэ хугацаанд юу эсийг үзэхэв. Том, том дарга нар элдвийг ярьж, Та л “зөвшөөрчих” гэж гуйх, загнахын хооронд хэлж үзнэ. Тэр бүрт Монгол Улсад “Ойн хууль” гэж байдаг юм шүү. Би түүнийг яасан ч зөрчиж чадахгүй” гэж амыг нь тагладаг байсан талаараа хуучилсан.
10 гаруй жилийн хугацаанд арчлан хамгаалж буй энэ газрынхаа нэг хэсэгт нь зориудын тарилт, нөгөө хэсгийнх нь байгалийн сэргэн ургалтад дэмжлэг үзүүлж арчилж, хамгаалсан их хөдөлмөр нь зундаа нов ногоон хүрэм хэдэрч, намартаа зүсэн зүйлийн өнгөөр хувирч, өвөлдөө нүд гялбам гялтайж, хавартаа нахиа юугаа дэлгэж найган ганхах энэ ой юм. Зориудын тарилтаар 50-60 мянган ширхэг шинэс модыг 20 га талбайд тарьж, ургуулж, энэ уул төдий чинээгээр модоор битүүрчээ. Модонд хүний гар зөв хүрэхээр эмх цэгцтэй, уурга шиг нарийнхан өндөр ургадаг нь энэ ажээ.
Хоёр мод тарьж, хоёр хувин ус хийснээ мод тарьж, буян хийлээ гэж бүү ойлго
Өдгөө 80 насны босго шүргэж яваа тэрээр ануухнаараа, хөнгөн шингэн гэж ярих юмгүй. Нэг захаас нөгөө зах, урдаас хойшоо гээд модоо эргэж тойрох, тарьж, ургуулах, хайрлаж, хамгаалах ажлыг түүртэлгүй хийнэ. Үүнийгээ ч модноос авч байгаа энерги гэж тайлбарлах юм.
Нэг мод тарьж, түүнийгээ арчилж ургуулбал амьд суварга босголоо гэж бод. Харин нэг хэсэг мод тарьж чадвал амьд байгалийг бүтээж буян үйлдлээ гэж бод гэлцдэг.
Та бид өнөөдөр тарьж буй ширхэг мод бүхнээ сэтгэл шингээн тарьж ургуулж чадвал ирээдүй хойчийн амьдралд ямар их ач холбогдолтойг тоочоод баршгүй билээ.
Энэ амьдралынхаа 56 жилд нь хэдэн зуун мянган амьд суварга босгож, амьд байгалийг бүтээж яваа Гомбо гуай “Хоёр мод тарьж, хоёр хувин ус хийснээ мод тарьж, буян хийлээ гэж бүү ойлго. Хийж байгаа үйлдээ үнэн сэтгэлээсээ хандаж, ургуул” гэсэн үнэн бөгөөд гашуун шүүмжийг хэлсэн.
Ач, зээ нараа өлгийтэй байхаас эхэлж тарьсан моднууд нь хөлд орохтой нь зэрэг төлжиж, одоо бүгд нас бие чацуу болжээ.
Нүдэн дээр нь тарьж, ургуулж байгааг харсан хүүхдүүд модны мөчир хугалах бүү хэл навч тасдаж чаддаггүй тийм “хайрлам” занг өвөөгөөсөө сурч өсөж буй.
Мод гэмтээж болохгүй, навч тасдаж болохгүй... тэгж болохгүй, ингэж болохгүй, тэгвэл торгоно ингэвэл торгоно... гэж хууль ярьж, хорьж цагдахаас илүүтэй тархи, зүрх сэтгэлд нь ойлгуулж, мэдрүүлж чадвал нэг ширхэг модны навч зулгаах нь бүү хэл бүтэн ойгоор нь гэмтээх “хатуу” сэтгэлтэй хүн байхгүй шүү гэж өвгөн ойчин үг дайв.
Хагас зууны турш эх орныхоо байгаль, хөрс, газар шороотой “ярилцаж” ургуулж, үржүүлэн, ойн баялгаа зөв зохистой ашиглах чиглэлээр сурсан эрдмээ бусдадаа хуваалцаж яваа нэгэн хөгшний их үйлийг цухас сонирхуулахад ийм байна.
Тохойн чинээ жимсний мод тарьж, түүнийхээ үр шимийг хүртээд жимсээ амтлах мөч юутай сайхан. Будаан чинээ үр ургуулаад тоймгүй өндөр саглагар мод болгож, сүүдэрт нь суух шиг жаргал юусан билээ.
Энэ мэдрэмж ямар сайхныг тариад, түүнийгээ ургуулсан хүн л мэдэх нь гарцаагүй.
Байгаль орчинг ярья гэвэл ойгоос, ойг ярья гэвэл Д.Гомбо гуайгаас эхлэх хэрэгтэй болов уу. Д.Гомбын тарьсан модны сүүдэрт таны ач, зээ тухална гээд боддоо. Тиймээс бид мод тарьж буй мянга, мянган Гомбод талархах хэрэгтэй.
Сэтгүүлч С.Дуламсүрэн
Сэтгэгдэл: