Ардын жүжигчин Долгор аниа ингэж хангинуулна. Ард нь бид нижигнэтэл алга ташна. Долгорыг сайхан дууллаа гэж алгаа хорстол ташаад байгаа юм уу? Аль эсвэл эжийгээ аргалд явуулчихаад ард нь гэнгэнээд сууж байна, сэргэлэн хүүхэн хэмээн баяр хүргээд байгаа юм уу? Бүү мэдээ, ёстой.
Би яагаад ч юм Долгорыг “үзэн ядах” сэтгэл төрөв. Тэрбээрийн чадалтай хоолой чахарч, бархирч, жонгинож байх шиг санагдана. Яах дээрээ ийм том хүүхэн эжийгээ аргалд явуулахдаа ичээгүй мөртлөө арай жаахан удахаар нь сая санаа зовдог байна аа? Энд Долгор ямар ч буруугүйг би мэдэж л байна. Цаадах яруу найрагч нь гэж нэг хүн “мангартаж” байхгүй юу. Энд гээд бас яруу найрагчийг зэмлээд ч яах билээ. Сэтгэлийн хөөрлөөрөө “сэлэм”эргүүлснээ сайхан шүлэг биччихлээ гэж андуурахгүй юу. Тэр байтугаа Завханы нэг нөхөр “Долоовор хуруундаа зүүний сорвитой...” хэмээн ханиа магтан дуулсныг бодвол бас ч гэж танагтай. Хүнийг бахадлаа, бахадлаа гэхэд сорвиор нь дамжуулж бахадна гэдэг арай л хэтэрхий хэрэг. Юманд чинь бас гоо сайхны хэмжүүр гэж байна. Тэр тусмаа яруу найрагт бол заавал байх ёстой. За гоо сайхан майхан гэлгүй энгийн хар ухаанаар бодоход ханиа энхрийллээ, эвийллээ гэхэд хаа хамаагүй сорви морвиор нь тавлан дуудаад байх нь хүн ёсонд хэр нийцдэг юм бол бас их эргэлзээтэй. Эмэгтэй хүнийг бодвол хавьгүй болхи цөлхи эр хүнийг хүртэл бахдан дуулахдаа “Данагар данагар алхаатайяа хө...” гэснээс бус “Дал мөрөн дээрээ хутганы сорвитойёо хө...” хэмээн “доромжлох” ухаан өнөө цагийг бодвол хүний хөгжлийн индексээр хамаагүй доогуур байсан дээр уеийн монголчуудын санаанд яагаад ч ороогүй л байгаа юм. Шүлэг мүлэг, дуу мууны бага зэрэг “дэфээкт” нь өнөө цагийн монголчууд бидний, яахав, жаахан хайхрамжгүй зангийнх биз ээ. Ямар албаар адарч байгаа биш. Гэвч чухам энэ хайхрамжгүй зан нь дотор арзайтал, цус шүүртэл маажаад байгааг яалтай билээ. Ямар ч урт хумстай юм. Энэ урт хумс нь хайхрамжгүй зангаар халхавчилсан бидний “хүйтэн” сэтгэл ажээ. Эжийгээ аргалд явуулчихаад ард нь ичих ч үгүй “удав уу даа, яав уу даа” хэмээн жүжиглэж суугаа хүнийг би л лав халуун сэтгэлтэй гэж хэлж чадахгүй.
ӨӨРӨӨ Ч МЭДЭХГҮЙ УУЧИХ ЮМ ЭЖИЙГЭЭ САНАСНЫ ШИНЖ ҮҮ ДЭЭ
Завгүй гэнэ ээ. Битгий донгос. Завтайхүн хэн байгаа юм? Тэгж яривал хамгийн завгүй хүн чинь та бидний эжий байдаг юм. Аргалдаа явна. Ус авна. Хоол хийнэ. Болоогүй ээ, тэгээд бас. Дээр нь багадсан юм шиг бид нарын үйлдвэрлэсэн нэмүү өртөгүүд болох ач, зээгээ арчилж бөөцийлнө. Хамгийн гол нь эх хүнд үр хүүхэд биднийхээ төлөө үйлээ баран зовж, үстэй толгойгоо үггээн шаналах “их ажил” байдаг юм. Дөрвөн цагийн эргэлтэд цаг наргүй, голоо тасартал, гомдлоо барагдтал хийдэг үндсэн ажил нь энэ. Сэтгэлийн цуцашгүй хөдөлмөр гэх юм уу даа. Тэгээд энэ их хөдөлмөрийнх нь үр шим болсон “хайр энэрэл” өөрт нь хэзээ ч эс наалдах бөгөөд үр хүүхэд нь гэгдэх бид нар урамтайяа “паразийтлана” Авгайтайгаа түр тар хийсэн бол эжийдээ очиж “гийгүүлнэ”. Хоол хийлгүүлнэ. Идэж “гийгүүлнэ”. Болоогүй ээ. Өглөө босоод явахдаа тэтгэврийнхээ хэдээс жоорлосон хэдэн бор юмнаас нь шараа тайлах ганц гожингийн мөнгө авахдаа санаа үл зовох бөгөөд бараг л энэ явдлаараа Молон тойн шиг эхийнхээ ачийг хариулж байна анзааны юм бодно. Болхи оо, болхи. Ичиж үхмээр. “Ярдаг” авгайдаа яг ингэж хандах юм бол ухамсарын “шанаа” авна ш дээ. Тэгэхдээ ингэтэл холоо хэвтэнэ. Яагаад гэвэл авгай нь өөртэй нь адилхан хортой шартай, ууртай уцаартай, адтай шидтэй хүн учраас тохирсон хариу барихаа мэднэ. Харин эх хүн бол “хүн биш”. Зүгээр л “хайрын машин” учраас дуртай үедээ энэ машинаар “таксидаж” болно. Зүгээр адгийн автомат тоглоомын машин ч задгай мөнгөөр ажилладаг байхад эх хүн гэдэг “хайрын машин” үнэгүй “таксидуулаад” зогсохгүй өөрөө нэмж архи дарс, аар шаархан ч гэлээ хэрэгцээнийх нь мөнгө цаас өгнө. Аа яа, яа. Агуа байгаа биз. Харин үр хүүхэд нь нэр зүүсэн бид үргэлж өчүүхэн аашилна. Ядрахаараа, хайр хэрэггэй болохоороо эжий дээрээ сая нэг юм очиж “гийгүүлнэ”. Эжийгээ хайрлах гэж биш өөрийгөө хайрлуулах гэж очдог тул “аргалд яваад өгчих ухаан” харин дандаа арай хожуу төрнө. Арай уян зөөлөн, ухаалаг чамбай гэх эмэпгэйчүүд ч мөн ялгаагүй дээ, эжийдээ хандах хандлагын хувьд. Хуучин муусайн хувцас хунараасаа илүүчилснээ ээмэг бөгжий нь сэлгээгүй ломбаарданд тавих эрх хэмээн ойлгоно. Өөрийнхийгөө тавихгүй яасан юм гэхлээр ажил албатай “эрхэмсэг хадагтай” чих хоосон явах ажил төрөл дээрээ эвгүй гэнэ. Миний нэр биш нөхрийн маань нэр ажил албан дээр минь хувхайрчих гээд байна гэлцэнэ. Хүн байна даа, тэр чинь авгайгийнхаа чихэнд санжигнах юм ч аваад өгчихөж чаддаггүй арчаагүй эр гэж хэлүүлэх гээд байна гээд учир зүйн уран атлаа лут гаргалгаа хийнэ. Харин эжий нь “хүн биш” юм байх аа. Харин. эжий нь “нэр төргүй” юм байхаа. Харин эжий нь алт мөнгө зүүж, шинэ хувцас өмсөх нь илүү маяг юм байхаа. Уул нь орчлон хүнд өгсөн өнгөтэй өөдтэй бүхнээ эргүүлээд авахын цагт алт, мөнгөөр нөхдөг ухаантай шүү юм гэдгийг жаахан сүвтэй хүн гадарладаг л баймаар. Тэгэхдээ бидний бүх сүв бусдын, тэгэхдээ бүр эхийнхээ өгөөмөр хайраар битүүрчихсэн байж магадгүй. Энд эх хүн ч буруутай байж магадгүй. Яагаад гэвэл тэрбээр “хүн биш” болтлоо “хайрын машин” болжээ. Энэ мэтчилэн аар саархан жишээ аваад байя гэвэл амьдрал ч хүрэлцэхгүй. Яагаад гэвэл амьдрал бие-биенээ үгүйлэх аар саархан, хүн-хүнээ элгэмсэх жижиг сажигханаас л бүтдэг юм байна шүү дээ, бүхэлдээ. Тэрэн дунд эх чинь ч яваа. Үхсэн хойно нь л хүнийг одон тэмдэг зүүсэн, тайлан тоглолтоо хийсэн зэрэг гоц үйл явдлын хэлхээс болгодогоос биш амьдрал бол үнэн чанартаа тун аар саарханаас, маш өчүүхэн жижигхэнээс бүтдэг тор лугаа ажээ. Харин бид энэ маш өчүүхэн жижигхэн юмныхаа тэр болгон хүнд харагдаад байдаггүй бүр өчүүхэн жаахнаар нь эхийнхээ агуа их хайрыг “үнэгүй” хүртсээр байгаад сурчихжээ. Тэгээд байхаар эцсийн дүндээ сайн ухаад бодвоос эх чинь хүн биш юм шиг болж харагддаг юм байна шүү. Тэгээд зогсохгүй жаахан мулгуудуу зарим нь "Өөрөө ч мэдэлгүй уучих юм эжийгээ санасны шинж үү дээ... ’’хэмээн согтуу хөлчүү оргин гингэнэх нь арга ч үгүй юм. Бүр цэцэн зарим нь, тухайлбал дотроо овоодоо хэмээн үргэлж тахимдаж явдаг үс, сахалдаа хүлүүлсэн яруу найрагч хүртэл “Биеэ хувааж өсгөсөн эжийнхээ ачийг яанам бэ...” гэж ирээд л жигтэйхэн ганихарсан байх юм. Эхийнхээ тэрхүү ганихраад ч барахгүй их хайрыг гайхуулж ачилсан хүн байхгүй ч ээмэг, бөгжийг нь тэгэхдээ ломбаарданд тавихгүй байя гэвэл хэн ч чадна. Энэний төлөө “биеэ хувааж” өөрийгөө тамлах ямар ч шаардлагагүй л юм, уг нь.Бурхан багш эхийнхээ элбэрэлийг хариулахаар замбативээс бууж ирсэн өдөр саяхан даа, арваад хоногийн өмнө болоод өнгөрчээ.
/2008 он/
Б.Баттогтох
Сэтгэгдэл: