Нийтлэл | 2022-09-05
АЗ ЖАРГАЛЫГ НОГООН ӨНГӨГҮЙГЭЭР БҮҮ ТӨСӨӨЛ
А.Админ / 788
АЗ ЖАРГАЛЫГ НОГООН ӨНГӨГҮЙГЭЭР БҮҮ ТӨСӨӨЛ

Бид насан туршдаа аз жаргалыг хайдаг. Түүнд хүрэх гэж өчигдөр, өнөөдөр маргаашаа “барна”. Аз жаргалын төлөө аз жаргалыг устгасаар байдаг. Энэ устгагдаж буй аз жаргал бол ногоон дэлхий юм

Эрдэнэт хотод саяхан байгуулагдсан Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвөөр зочиллоо. Тэдний уриа НОГООН АЗ ЖАРГАЛ буюу GREEN HAPPINESS.

Тэд аз жаргалыг “үйлдвэрлэж” байна. Энэ үйлдвэрлэлийн үйл явц нь Монголын ирээдүйг хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжүүлнэ. 

Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ энэ хавар ашиглалтад оруулсан. Тэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс 100 сая мод тарих даалгаврыг төрөөс авсан. Тиймээс тэд энэ цагийн хамгийн чухал хүмүүс юм.

Яагаад гэвэл  нэг см-ын зузаантай хар шороон хөрс байгалийн жамаараа 100 жилийн хугацаанд бий болдог бол тэд жилд 500 шоо.метр ашигт бактеритай хөрс бэлдэхээр туршилтаа эхлүүлээд байна. Хөрсийг ухдаг биш  “ургуулах” –аар ажиллаж байна.  Ингэснээр Монгол Улсад анхны хөрсний төв байгуулагдана. 

Ой мод, ногоон байгууламж нь  аз жаргалын түвшинд нөлөөлдгийг судлаачид хэлж байна. Мод бол амьдрал. Тиймээс Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн мэргэжилтнүүд сая, сая мод үржүүлнэ, ургуулна, тарина. Тэд эхлээд Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 8 км зурвас газарт хайлаас модны 161 кг үрийг суулгасан.  Хоёрхон сарын хугацаанд 20-30 см хэмжээтэй ургасан. Энэ нь модны үрээр үйлдвэрлэлийн бүсэд тарьсан анхны тарьц юм. Энэ намар Хаягдлын аж ахуйн 20 га газарт 20 мянган хайлаас тарихаар хөрсөө бэлджээ.

Эрдэнэт Үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ногоон хөгжил төслийн нэгж нь Булган аймгийн Хялганат тосгоны 100 га газарт Мод үржүүлгийн газар байгуулж жилд 10 сая тарьц гаргаж түүнийгээ ургуулан, эх ургамлын плантаци байгуулна. 2030 хүртэл  100 сая мод тарина.  Мөн үүнийг дагасан туслах аж ахуй, аялал зугаалгын бүрэн цогцолбор бий болох юм.  Мод үржүүлгийн газартай болсноор мод тарьж ургуулах зардал 2-3 дахин буурах, хугацаа богиносгох, экосистемд үзүүлж буй сөрөг нөлөөг бодитой багасгах боломж бүрдэх юм. 

Тэд Монгол улсад нэн ховордсон болон устах эрсдэлтэй ургамлын генийн санг хамгаалж эхэлжээ.  Ургамлын генийн санг авч үлдсэнээр Монгол Улс хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэг илрэл юм. Ховордсон ургамлын генийн санг хадгалж түүнээс ургуулсан ургамлаа экспортод гаргана. Жишээ нь тэхийн шээг ургамлын генфондыг хадгалж тариална. Түүний ашигт шинж чанарыг нь давхар хадгална. Хүлэмжинд богино хугацаанд ургуулж олон нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ. Ингэснээр ховор, нэн ховор ургамлыг устаж үгүй болохоос аврахаас гадна Монгол Улс экспортод чиглэсэн, өндөр өгөөжтэй, эдийн засгийн томоохон хөшүүрэгтэй болно.

Норвеги улс дэлхийн ургамлын маш том генийн сантай. Эндээс зарим орон өөрийнх нь улсад ургаж байгаад устсан ургамлынхаа үрийг худалдаж авдаг. Тэр утгаараа ургамлын генийн санг бүрдүүлнэ гэдэг тухайн улсын экосистемийг “эзэмшинэ” гэсэн үг юм.

Монголчууд тун удахгүй хөрсөө “ургуулж”, модоо “үйлдвэрлэж” эхэлнэ.

Иймд  та үр хүүхдээ эрүүл байлгая, улс орноо сайхан болгоё гэвэл мод тарь. Аз жаргалыг ногоон өнгөгүйгээр битгий төсөөл  хэмээн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийнхөн уриаллаа. Тэд “Ногоон аз жаргал”- Green happiness бүтээж байна.

 

Сэтгэгдэл: