Нийтлэл | 2021-04-15
 “АННА КАРЕНИНА”
А.Админ / 1573
 “АННА КАРЕНИНА”

Саяхан хоёр жил сураг алдарсан нэг багш ярьлаа. Эмэгтэй хүн л дээ. Улсад дөч гаран жил ажиллаад тэтгэвэртээ суужээ. Боломжтой, боловсролтой, ар тал сайтай эмэгтэй. “Ар тал” гэж би эр нөхрийг нь хэлж байна. Хүүхдүүд нь бүгд өсөж өндийгөөд Америкт оджээ. Ажил төрөл гэж “стресстэхгүй”, авааль нөхрийнхөө дуртай хоолыг хийгээд гэртээ байх чинь ямар сайхан юм гэнэ. Тэр ч байтугаа үе чацуу, зиндаа ойролцоо хэдэн бүсгүйчүүд нийлээд бүр клуб байгуулжээ. Тамга тэмдэггүй ч дундаа сантай гэж байгаа. Түүгээрээ гадагшаа дотогшоо аялдаг гэнэ. Хамгийн сүүлд оны өмнө хот орж “бүсгүй заяа” багийнхан “Анна Каренина”-г үзжээ. Яагаав нөгөөх оны өмнө нэг хэсэг шуугиулсан жүжиг. Намайг үзэв үү гэнэ. Үзээгүй л гэлээ. Нэгд, “Анна Каренина”-г хорьж байгаа юм шиг хөл хорьсон. Хоёрт, хөл хориогүй байсан ч би өөрийгөө “хорих” байсан гэлээ. Багш эмэгтэй гайхав. Дандаа гаж юм ярих юм гэлээ. За, тэгвэл учрыг тайлбарлъя.
 Би гучин хэдэн жилийн өмнө тэр үеийн ЗХУ-д оюутан байлаа. Хүмүүнлэгийн чиглэлээр суралцах тул Оросын уран зохиол гэж нэг лут хичээлийг хоёр жил дамнан үзнэ. Эх зохиол уншина гэж тамтаггүй их ажилтай. “Анна Каренина”-г амны хэмжээ, шарсан төмс хоёроор хачирласаар  арай чүү  ард нь гарав. Яах гээд, юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй хачин бантагнасан зохиол санагдлаа. “Анна Каренина” адармаатай, залуу нас дардан учраас явдал таараагүй биз. Гэвч өст хүн өлийн даваан дээр гэгчээр шалгалтан дээр “Анна Каренина” таарав. Үхэр долоочихсон юм шиг гөлчийтөл самнасан ч ёолкны саа шиг гялтганасан гоё буурал үстэй авгай урдаас харан ёжтой инээмсэглэнэ. Би ч жаахан бурав. “Та энэ семестрт бараг хичээлд суугаагүй, гэхдээ дутуу хагас ч болов уншжээ” гэж дотогшоо гүнээ санаа алдаад  “удав” хэмээн мутраа хайрлав. “Удовлетворительное” буюу хангалттай, дунд гэсэн дүнг ингэж товчилдог байсан юм. Би бөөн баяр. Оросын уран зохиол дээр долоо унасан хүн манай курст байсан юм шүү дээ. Удаан, түргэн нь ч яамай, гол  нь унасангүй. Одоо бодоход гоё буурал үстэй багш маань “зөнч” Мохамед шиг биваангирд хүн байжээ. Чи уншсан нь л  “хангалттай”, харин ойлголтлоо  мөн ч “удна даа, удна” гэсэн санаагаар “удав” гэж баалжээ. “Анна” гэдэг үгийг хаанаас нь ч уншсан “Анна” гэж уншигддаг шиг би “Анна Каренина”-г гучин жилийн дараа урдаас нь ч уншсан, ардаас нь уншсан нэг л юм хэлэх гэснийг ойлгосон юм. 
  Аливаа зохиолд сүншиг гэж нэг юм бий. Санаа, ёс суртахууны хөтөч гэсэн үг. “Анна Каренина”-гийн ёс суртахууны хөтөч нь юу юм? Ердөө л авааль эрээ араар нь тавьдаг эмэгтэйг өмөөрөх, зөвтгөх, өрөвдөх сэтгэл төрүүлэхэд орших ажээ. Нөхөр нь Анна, гэр бүл, сайн нэрээ авч үлдэх гэж хамаг чадлаараа зүтгэсэн ч жолоогоо алдсан  эхнэрийнхээ хүсэл тэчьяалд бут ниргүүлэн талаар болж байна. Гэвч зохиол уншигчдыг, тэр дундаа эмэгтэйчүүдийг итгэл эвдэн авааль нөхрөө хууран мэхлэгч эмийн талд орохоор бичигджээ. Анна Каренина гадна талдаа өө сэвгүй. Нөхөр нь ийм нөхцөлд байж болох тэр хэмжээнд нэр төртэй биеэ авч явах ч  зохиолч үүнийг цэвдэг сэтгэл, өр зузааны илрэл мэт харуулж байна. Эр нөхрийнх нь дүн нуруу, сайн талыг ханийнхаа хайр сэтгэлийн эрхэм дээд мэдрэхүй, тунсаг нарийн  мэдрэмжийг  үл ойлгох мунхаг эрийн үлгэр загвар болгон харуулжээ. Энэ нь хүүгээсээ хагацаж, гэр бүлээсээ салахуйтай дөрөө харшилдуулж буй нь хүсэл тэчьяалын хүршгүй өндөр “халил”-ыг цохон тэмдэглэж байгаа нь тэр ажээ.
 Үр дүнд нь нийгэм эмэгтэй хүний биеэ авч явахуйн сөрөг загварын хуульчлагдсан дүртэй болжээ. Урьд нь ийм сөрөг загвар эрчүүдийн хувьд л хуульчлагдсан байлаа. Нийгэм хүн төрөлхтөний хүчирхэг хагасын итгэл эвдэх  эрхийг чимээгүйхэн хүлээн зөвшөөрч, нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг байлаа. Энэрэнгүй ёс, соён гэгээрлийн эрин таашаал эдлэх эрхийг тунхаглан зарласан нь юуны өмнө  бэлгийн амьдралын хүрээг хамарсан юм. Удалгүй Вилгельм Райхын “Хормойн хувьсгал”-ын онол гарснаар ёстой  гал дээр тос асгах  шиг болов. Гэвч Анна Каренинчууд олсон амжилтандаа сэтгэл ханасангүй. “Хормойн хувьсгал”-ын тэгш оролцогчоос “толгойн хувьсгал”-йн тэгш оролцогчид болохыг хүслээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “эпансипацист”, “феминист” хөдөлгөөн, либераль ардчилалын онол, хөөрхий бидний бүсгүйчүүд гал дээр тос биш шууд л шатах тослох материал цацлаа. Эмэгтэйчүүд  тэгш эрхтэй болжээ. Зохиолчид гэр бүлийн харьцааны соёлын түвшинг дээшлүүлэхийн оронд эсрэгээр нь ажиллаж эхлэв. Эмэгтэйчүүд эрчүүдтэй эн зэрэгцэх, араар нь тавих эрхээ хуульчлахад нь дэмжлэг үзүүлснээр “толгой нь эргэхэд” хүргэсэн юм. 
 Монголчууд Анна Каренина шиг эмэгтэйг зүгээр л “толгой нь эргэсэн эм” гэдэг юм. Эмэгтэй хүн нэг толгой нь эргэвэл аав ээж, ахан дүүс,  амраг хань, алаг үрс нь “цусаар уйлж”  гуйгаад ч нэмэргүй улам гөжин цаашилдаг. Таашаал  эдлэхээ та нараар заалгахгүй, мэдэв үү л гэнэ. Тэр тусмаа эрх тэгш нийгэмд “эндүүрсэн сугалаанууд” минь “бай!” л гэнэ. Өширхсөндөө хөшиж, өвдөж шаралхсандаа адардаг. Эмэгтэй хүний сэтгэхүй уг нь ийм хүчтэй.  Тэгэхдээ буруу эргэхдээ тулбал ардаг догшин эмнэг  шиг л цамнана. Зөнд нь тавь, цаашаа. Өөрөө ирвэл ирнэ, ирэхгүй бол үүрд баяртай! Урьд нь эмэгтэй хүн  их сайндаа л эр дагаж толгой  нь эргэдэг байсан бол өдгөө эд мөнгө, эрх мэдэл, эрх чөлөө, нэр алдар, нам бүлэгт хайр зарлан толгой нь эргэдэг болжээ. Эр хүнийг толгой түрүүгүй загнадаг, занчдаг, муулдаг болжээ. Үүнийгээ эрх чөлөө хэмээн тунхаглана. Эр хүнийг эм хүний эсрэг биет, дайсан  гэж ойлготлоо эрх чөлөөнд самуурсандаа эмзэглэх шинж ч алга. “Өнгийн цэцэг цонхон дээр, өндөр Сүрэнжав лонхон дээр”хэмээн хуучцуул ярьдагсан. Өндөр Сүрэнжав нь өдгөө лавтай монгол эрчүүдийн нийтлэг төлөөлөл болжээ. Онигоо биелэлээ олов. Тийм дээ,  ардчилал тэдэнд олон эрх чөлөө, тэр дундаа  “толгой нь эргэх” эрх чөлөө ч харамгүй  хайрласан юм.
Бурхан эмэгтэй хүнийг төрөл зүйлээ хадгалах, амьдралыг үргэлжлүүлэхээр программчилсан юм. Түүнд хэрийн эрд байдаггүй хүч чадал,тэсвэр тэвчээр харамгүй хайрлажээ. Тэгтэл таашаал эдлэх эрх чөлөөний тусламжтайгаар эмэгтэй хүн хэмээх “гайхамшиг”- ийг дахин программчлах нь түүний өөрийгөө хамгаалах зөн билгийг устгана. Энэ нь хүн төрөлхтөний зөн билгийг устгасантай адил. Жендерийн тэгш байдал гэгч нь үнэндээ энэхүү зөн билгийг устгах зэвсэгээс өөр юу ч  биш. Эр, эм  хооронд хэзээ ч тэгш байдал тогтохгүй. Яагаад гэвэл бурхан тэднийг өөр, өөр бүтээжээ. Эр нь эр шиг, эм нь эм  шиг байж гэмээн сая тэгш эрх, нэгдэл зохирол бий болно. Бие, биенээ булайгаар булах биш хоёулаа нэг зүг харж гэмээн гэр бүл бат бэх болно. Тэгш эрх дангаараа байдаггүй юм. Түүнийг  эрх чөлөөгөөр бус арга, билгээр бүтээдэг юм. Бурханы тааллаар бол эр нөхөр, үр хүүхэд, гэр бүлээ эрхэмлэн дээдлэж, нандигнан хадгалж буй эмэгтэй л эрх чөлөөт эмэгтэй.  Хагд өвсөнд авалцсан түймэр мэт хүсэл тэчьяалдаа бус эр нөхөр, үр хүүхэд, гэр бүлээ гэх аргалын гал шиг дотогшоо  цогших нинжин сэтгэлдээ хүлэгдсэн эмэгтэй л тэгш эрхэт, ариун журамт эмэгтэй юм. Тэгтэл “Эр зориг, нинжин сэтгэл хоёрын нэгдлийг  сүсэг бишрэл гэнэ” хэмээн тунхагласан  буюу эр зоригоор эр хүнийг, нинжин сэтгэлээр эмэгтэй хүнийг, хайр сэтгэлийг сүсэг бишрэлээр төлөөлүүлсэн Оросын их зохиолч Л.Толстойн романы логик нь эмэгтэй хүн эр нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд  хүсэл, сэтгэл алдарсан аваас нөхрөөсөө урваж, гэр бүлээ сүйрүүлж болно гэсэн санааг гаргаж байна. Ингэлээ гээд уг  эмэгтэй нийгмийн  өмнө нэр нүүрээ түлэхгүйгээр үл барам харин ч түүнийг хоороороо магтан дуулна. 
     “Аа яа, яа, яасан зоригтой бүсгүй вэ?!”. 
 Өнөөдөр Сээгий, Сүүгий гэх хоёр бүсгүй сошиал ертөнцийн халуун сэдэв болж байна. Нэг нь адилхан эмэгтэй хүн бэлгийн хүчирхийлэлд автсан  тухай яриаг тачигнатал инээгээд сонсож байсан бол нөгөө нь бэлгийн хүчирхийлэлд автсанаа дэлгэсэн нь нийгэмд дуулиан шуугиан тарьжээ. Нэгийг нь  үзэн ядаж, нөгөөг нь магтан дуулж байна. Нэг нь баатар, нөгөө нь хог. Тэгэхдээ эдгээр бүсгүйд нэг адилхан тал бий. Аймаар зоригтой. Анна Каренина ч бас аймаар зоригтой. Тачигнатал инээх нь ч зориг, бэлгийн хүчирхийлэлд автсанаа дэлгэх нь ч зориг, нөхрөөсөө салах нь ч зориг биш гэж үү?!  Наагий, Нээгий,  Боогий, Цээгий гээд  зоригтой эмэгтэйчүүд эргэн тойрон дүүрэн байхад “Анна Каренина” үзэх нь илүүц биз дээ. 
      “Аа яа, яа, яасан зоригтой бүсгүйчүүд вэ?!”.


Сэтгүүлч Б.Баттогтох 

Сэтгэгдэл: