Нийтлэл | 2022-11-17
“Хайр”-ын өрөөний сувилагч /тэмдэглэл/
А.Админ / 1937
“Хайр”-ын өрөөний сувилагч /тэмдэглэл/

Энэ бол БОЭТ-ийн “Хайр”-ын өрөө. Өрөөний ханан дахь “бурхад” хавдрын эцсийн шатандаа орсон хэн нэгний хүсэл,  наминчлалыг нь сонсдог байх гэмээр цоо ширтэнэ.

Тэдний харцан дор олон хүн ёолон хэвтэнэ. Уйлж хэвтэнэ. Гэхдээ бурхад анир чимээгүй тэднийг сонсоно.

Хөнгөвчлөх тасгийн эрчимт эмчилгээний өрөөг эмч нар нь “Хайр” гэж нэрлэжээ. Энд хэвтэж буй өвчтөнийг эмч, сувилагчид илүү ихээр хайрлана. “Таны бие яаж байна, та юу хүсэж байна, та босмоор байна уу, хэн нэгнийг дуудах уу” гэдэг үг энэ өрөөнд илүү их сонсогдоно. Эрчимт эмчилгээний өрөө рүү орохоор  хүмүүс өөрийгөө хэзээ мөдгүй үхэх нь гэдгээ мэдэрдэг учраас тэднийг айдаст автуулахгүйн тулд “Хайр” гэж нэрлэжээ.  Энэ өрөөний хайр олон янз.

Хайртай хүнээ нэг хором ч гэсэн амьд байгаасай  гэж хүсэж буй ар гэр

Хайртай хүмүүстэйгээ ахиад жаахан ч гэсэн  амьдрах сан гэж хүсэж буй хэн нэгэн

Хайртай хүмүүсээ зовоохгүйгээр хурдан “нүд аньчих” юм сан гэсэн өөр нэгэн

Энэ хайр энэ  өвдөлтийн аль алиныг нь “Хайр”-ын өрөөний сувилагч мэдэрнэ. Тэр өрөөний ханан дахь бурхад шиг бас л чимээгүй ажна. 

Б.Отгонсүрэн сувилагч мэргэжлээрээ 33 жил ажиллаж байгаа. Сувилагч мэргэжлийг багаасаа мөрөөдөж сонгосон. Хөнгөвчлөх, тусламж үйлчилгээ буюу хавдрын эцсийн шатандаа орсон хэн нэгнийг асрах, сувилах сонголтыг тэр хийсэн.   Хайр түүнийг эндээс “уяжээ”.

“ХАЙР"-ЫН ТАСГИЙНХАН

Монгол Улс хорт хавдрын нас баралтын тоогоороо дэлхийд дээгүүрт жагсдаг. Иймд Орхон аймаг 2019 онд БОЭТ-д Хөнгөвчлөх, тусламж үйлчилгээний тасаг нээжээ. Энэ тасагт амьдралын эцсийн шатандаа орсон өвчтөн 5-6 хоног хэвтээд гарна. Хэвтэх хугацаанд нь гэр шиг нь, ээж шиг нь, эгч шиг нь, дүү шиг нь үйлчлэх гэж энэ тасгийн эмч, сувилагчид хичээнэ. Тиймээс өвчтөнийхөө төрсөн өдрийг ч марталгүй тэмдэглэж төрсөн өдрийн дуу дуулж өгнө. Яагаад гэвэл тэд өөрийн  өдрөө мартсан байдаг аа.   Дараа нь зураг зуруулна, захиа, шүлэг бичүүлнэ. Хамтдаа шатар нүүнэ. Кино үзнэ. Хуучилж суугаад амьдралын түүхийг нь яриулна. Хүсэл, мөрөөдлийг нь сонсоно. “Хайр”-ын тасгийнхан ингэж  ажилладаг.

Заримдаа “Хайр”-ынхаа өрөө рүү бүгд гүйлдэнэ. Маргааш нь өөр хэн нэгнийг өрөөндөө оруулна. Дахиад л эхнээс нь эхэлнэ.  “Таны бие яаж байна, та юу хүсэж байна, та босмоор байна уу, хэн нэгнийг дуудах уу” гэж хэлнэ. Төрсөн өдрийн дуу дуулж өгнө. Шүлэг бичих үү, захиа бичих үү гэж асууна.

Нөгөөдөр ч мөн ялгаагүй. “Хайр” үргэлжилсээр...  

 

 

Сэтгэгдэл: