Боловсрол | 2024-09-25
“Халхын гол тангараг” жүжиг Эрдэнэт хотод хаалтаа хийлээ
А.Админ / 159
“Халхын гол тангараг” жүжиг Эрдэнэт хотод хаалтаа хийлээ

 Халх голын 85 жилийн ойд зориулан бүтээсэн Геннадий Башкуевын зохиол, найруулагч Олег Юмовын бүтээл Халхын Гол Тангараг жүжиг Эрдэнэт хотод тоглолоо.  Хоц Намсараевын нэрэмжит Буриад улсын Драмын академик театрын уран бүтээлчид уг жүжгээ Зуун мод, Чойбалсан, Улаанбаатар, Чингис, Дархан хотын үзэгчдэд толилуулсан бөгөөд Эрдэнэт хотноо хаалтын тоглолтоо хийсэн юм.

Бодит явдлаас сэдэвлэсэн уг драмын жүжгийг хоёр жил судалгаа хийж, жүжгийн гол дүр болох Халхын голын байлдааны ахмад дайчин хатагтай Цэрэнгийн Чимэдцэрэнгийн аман ярианд тулгуурлан бүтээсэн байна.

Жүжгийн гол баатрын эх дүр Цэрэнгийн Чимэдцэрэн нь өдгөө 104 настай бөгөөд Улаанбаатар хотод амьдарч байна. Тэрээр Дорнод аймгийн буриад үндэстэн эмэгтэй бөгөөд Халхын голын дайны фронтод сайн дураар явахаар найзуудаа уриалж, эх орныхоо төлөө зүтгэж байгаа тухай жүжигт өгүүлнэ.

Энэхүү жүжгээр эх оронч үзэл, амь бие үл хайрлан зүтгэх сэтгэл, ард түмний найрамдал, хүний амь хэчнээн үнэ цэнтэй вэ гэдэг чухал асуудлуудыг хөндөхөөс гадна гэрэлт ирээдүйд итгэх итгэл найдварын тухай өгүүлдэг юм.

Халхын голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр улсын хооронд хэд хэдэн хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэхүү жүжиг юм. Жүжгийг “Культура” үндэсний төслийн хүрээнд Буриадын засгийн газар, соёлын яамны дэмжлэгтэй тоглож байгаа юм.

Энэхүү жүжгийг Монгол хэлнээ хөрвүүлэн үзэгчдэд толилуулахаас гадна гол дүрийг Монгол жүжигчид бүтээснээрээ онцлог байв. Цаашид манай улс Буриад улсын Соёлын Яамтай олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, соёл урлагийн салбартаа харилцан туршлага солилцож хамтран ажиллах нэг алхам нь энэхүү хамтарсан жүжиг болсон юм.   

 

 

Сэтгэгдэл: