Боловсрол | 2026-09-22
Ирэх онд 4 сургууль, 3 цэцэрлэг ашиглалтад орно
А.Админ / 72
Ирэх онд 4 сургууль, 3 цэцэрлэг ашиглалтад орно

Орхон аймаг ирэх  онд  дөрвөн сургууль,  гурван цэцэрлэг ашиглалтад оруулна.  Тодруулбал: “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Зэст багийн “Уурхайчин” хороололд 280 хүүхдийн ортой, 2А хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой, Найрамдал багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн ортой цэцэрлэгүүд тус тус ашиглалтад орно. 

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2А болон 7А хорооллуудад 960 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орох бол “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Уурхайчин хороололд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Рашаант багийн 250 хүүхдийн багтаамжтай сургуулиуд тус тус ашиглалтад орно. 

Эдгээр сургууль цэцэрлэгийн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг 2027 оны орон нутгийн төсөвт тусгуулахаар аймгийн боловсролын газраас саналаа хүргүүлжээ. 

Шинэ суурьшлын бүс болох Найрамдал багт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг цэцэрлэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж буй 3 дахь цэцэрлэг юм. 

2025 оноос 7А хороололд 960 хүүхдийн сургууль баригдаж эхэлсэн бөгөөд уг барилга ашиглалтад орсноор 5,14 дүгээр сургуулиудын бүлэг дүүргэлт, ачаалал буурна. Уг барилгыг  улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байна. 

2026 онд улсын төсвийн  2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2А хороололд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхлэх бөгөөд барилга ашиглалтад орсноор 1,8 дугаар сургуулиудын,  улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Рашаант багийн 250 хүүхдийн сургуулийг дуусгаж “Ирээдүйн одод” сургуулийг шилжүүлснээр 13 дугаар сургуулийн, Зэст багийн 19 дүгээр сургуулийг орон нутгийн өмчид шилжүүлж, “Уурхайчин” хороололд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургууль барьснаар  4 дүгээр сургуулийн ачааллыг тус тус бууруулахаар тооцож байна. Ингэснээр аймгийн хэмжээнд сургуулиудын ачаалал тэнцвэржиж, ээлжийн коэффицент, багшийн ачаалал буурч, сургалтын чанарт ахиц гарна гэж үзэж байна. 

Сэтгэгдэл: