“Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форумын дөрөв дэх хэлэлцүүлэг “Гарааны бизнес ба хөрөнгө оруулалт” сэдвээр үргэлжилсэн. Энэ үеэр “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг цахимаар “Бизнесийн хөрөнгө оруулалтын асуудлууд”сэдвээр илтэл танилцууллаа.
Түүний илтгэлд ”Ард санхүүгийн нэгдэл “Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлооно” гэсэн уриатайгаар Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжиж чадаагүй 30 жилийн хугацааг нөхөх зорилгоор сүүлийн 9 жил ажиллаж байна.
Гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт татахдаа зөвхөн банкнаас зээл авах, хөрөнгийн зах зээл дээр хувьцаа бонд гаргах, “angel investor” хайж олох, олон улсын эрсдэлийн сангаар дамжуулан хөрөнгө оруулалт татах зэрэг хэд хэдэн арга зам байдаг. Бизнес эрхлэгчид эдгээр хөрөнгө босгох арга замуудыг сайн судалж, өөрийн бизнесийн цар хүрээнд тохирсон сонголтыг хийх нь зүйтэй.
Хөрөнгө оруулалт гэхээр бизнес эрхлэгчид санхүү нь шийдэгдчихвэл болох юм шиг санадаг. Гэтэл бодит байдал дээр тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлийн хүлээж авах чадвар, технологийн хөгжлийн шинэчлэл, хууль эрхзүйн орчин зэрэг маш олон саад давааг давж, тэвчээртэй ажиллаж байж амжилтын захаас атгадаг. Миний хувьд аливаа гарааны бизнест хөрөнгө оруулалт хийхдээ эхлээд тухайн хүнийг нь маш сайн таньж, шинжихийг хичээдэг. Түүний дараа удирдлага, технологи, хүний нөөц, бизнесийн ашгийн үнэлгээ хийж байж хөрөнгө оруулах шийдвэрийг гаргадаг.
“Анд-Энерги” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа- Бизнес бүтээсэн болон орон нутгаас IPO татсан туршлага
Манай компани орон нутгийн бизнес эрхлэгчдийн дундаас анх удаа IPO хийж, хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө “босгож” чадсан. Хувьцаа гаргахын тулд эхлээд брокерийн компани дээр төслөө танилцуулж, хуулийн үнэлгээ, санхүүгийн үнэлгээ хийлгүүлж, санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсны дараа хөрөнгө оруулалтаа татдаг. Шат дамжлаг ихтэй учраас эхнээсээ маш сайн төлөвлөх шаардлагатай байдаг. Биржийн ерөнхий шалгуур нь хуулийн дагуу, бүртгэхэд тохиромжтой этгээд байх, гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, сүүлийн нэг жилийн хугацаанд хуваарилсан ашгийн хэмжээ 20 саяас доошгүй байх зэрэг шаардлагуудыг тавьдаг. Бид нийт 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж үйлдвэрийн өргөтгөл, тоног төхөөрөмжийн өргөтгөл зэрэгт зарцуулсан. Хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хувьцаат компани болсноор хувьцаа эзэмшигчид, компанийн үнэлгээ, ажилчдын тоо, үйлдвэрлэл нэмэгдсэн гээд бидний өмнө маш олон боломжууд бий болсон.
Сэтгэгдэл: