Дашдоржийн Чойжилжав гуайг ёстой л “нуугдсан эрдэнэ” гэлтэй. Монгол Улсын хөнгөн үйлдвэр, тэр дундаа хивс үйлдвэрлэлийн салбартаа анхдагчдын нэг. Энэхүү эрхэм хүн эдүгээ их хотын нүргээнт амьдралаас дайжиж буян номын мөр хөөж, Амарбаясгалант хийдийн хажуухантай ажин түжин амьдарч сууна. Энэ эрхэм хүнийг зорин очиж амьдралын арвин их туршлага, барагдашгүй сан хөмрөг мэт сайхан түүхийг нь яриулан авна гэдэг хүн бүхэнд олдохгүй хувь тохиол ажгуу. Ингээд эрхэм уншигч танд Д.Чойжилжав гуайтай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Таны бага насны талаар энэхүү ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-Би Дундговь аймгийн Луус сумын Буйлсан гэдэг газар 1944 онд төрсөн. Аавыг Шаравын Дашдорж, ээж маань Н.Улцан гэж хүн байв. Би 10 нас хүртлээ аав ээжийнхээ гар дээр мал маллаж байсан. Ингээд 1954 онд 10 настайдаа Луус сумын бага сургуульд орсон юм. Сумын төвд эмээгийнхээ гар дээр байж 4 дүгээр анги төгссөн.
-Тухайн үед танай суманд нэгдэл байгуулагдсан байв уу?
-1940-өөд оноос нэгдэлжих хөдөлгөөн Монгол улсад эхэлсэн юм билээ. Луус суманд “Хөдөлмөр” нэгдэл анх байгуулагдах үед манайх 70 гаруй тэмээ, 300 гаруй бог малаа нэгдэлд нийгэмчилсэн. Улмаар 1959 онд нэгдлийн гишүүдийн амины малыг дахин нийгэмчлэх ажил дуусч, улс даяар 389 нэгдэлтэй болсон юм билээ. Манайх ч мөн тэр үед Нэгдлийн мал маллаж байгаад сүүлдээ Луус сумын төвд орж аав минь хоршоонд ажилд орсон. Дараа нь намайг 6 дугаар ангид орох үед манайх аймгийн төвд шилжсэнээр миний бие Дундговь аймгийн төвд 10 жилийн сургуулиа дүүргэсэн юм.
-Зураач мэргэжлийг хэрхэн эзэмшсэн талаараа сонирхуулна уу?
-1965 онд 10-р ангиа төгссөн юм. Дунд сургуульд байхдаа бас ч үгүй хөөрхөн барилдчихдаг байлаа. Тэр үедээ Биеийн тамирын сургуульд орно гэсэн бодолтой байв. Тэгсэн яг хуваарь авах үеэр намайг тухайн үеийн ЗХУ-д цэргийн сургуульд явуулах болсон. Ингээд ангийнхаа Мөнхдорж, Шаравсамуу гэж хоёр хүүтэй хамт Цэргийн сургуульд орохоор Улаанбаатар ирээд эмчийн үзлэгээр орсон Мөнхдорж бид хоёр тэнцсэнгүй ээ.
Ингээд байж байтал бид хоёрыг Дээд боловсролын хорооноос дуудсан. Очтол баахан хүмүүс хуралдаж байна. Дээд боловсролын хорооны дарга Энэбиш, Хөнгөн хүнсний яамны Боловсон хүчин Соном зэрэг хүмүүс байна. “За чи тэгээд ЗХУ-ын ямар сургуульд явах уу?” гэж асууж байна. “Хамгийн хол байдаг сургуульд нь явъя” гэлээ. “Тэгвэл хамгийн хол байгаа сургууль бол Москвад Хивсний механикийн сургууль байна” гэж байна.
Тэгээд л 1965 оны 7 сард Москва явсан даа. Тэр сургуульд Дорнодын Бадамдорж гэж залуу надтай хамт явсан. Ингээд Калины нэрэмжит Үйлдвэрлэл зураг урлалын сургууль гэдэгт очиж сургуулийнхаа оюутны дотуур байранд орсон. Тэгсэн оюутны байр болоод сургуульд маань техникийн талын юм ерөөсөө байдаггүй, харин баахан зураг зураад орхисон цааснууд л их байх юм. Хоёулаа бүр гайхаж хоцорсон. Уг нь техникийн талын хүмүүс болцгооно гэж бодож очсон хэрэг шүү дээ.
Тэгсэн намар нь хичээл эхэлсэн дандаа бид хоёроос ах хүмүүс байх юм. Хамгийн бага нь бид хоёр. Хичээл нь болохоор баахан зураг зуруулдаг юм байна. Ингээд онол юмыг нь үзээд, заалгаад байхаар бас сурдаг л юм байна лээ. Дунд сургуульд байхад зургийн хичээлд бас ч гэж гайгүй байсны хэрэг гарсан. Хичээлийн хөтөлбөр нь их шахуу. Өглөөний 8 цагаас оройны 22 цаг хүртэл хичээллэдэг байсан. Манай сургууль бол хивсний зураг зохион бүтээгч, даавууны хээ, хохлома зураг чимэглэл, баримал, гар урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан.
Ингээд 4 жил суралцаж “ Гоблени” гэсэн сэдвээр диплом бичээд “Онц” дүнтэй төгсөж байлаа.
-Сургуулиа төгсөж ирсний дараа ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-1969 онд Хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд Самбуугийн Цэвээн гуай Бадамдорж бид хоёрыг дуудуулжээ. Эрдэнэт хотын анхны даргаар ажиллаж байсан С.Цэвээн гуай тухайн үед орлогч сайд байсан юм.
Тэгсэн С.Цэвээн гуай “Улаанбаатарын хивсний үйлдвэр баригдаж байна. Тэр үйлдвэр ашиглалтад ороход нэхэгдэж эхлэх хивсний нь зураг төслийг үйлдвэрлэлд бэлтгэх ажил байна гэсэн. Ингээд тухайн үеийн томоохон зураач нар болох Ардын зураач Д.Амгалан, А.Сэнгэцохио, Н.Чүлтэм гуай нараар зуруулсан баахан хээнүүдийг аваад 11 сард Герман явсан. Ингээд хивснийхээ хээг цоолуулах, карт бэлтгэх зэрэг ажил хийж байгаад ирсэн. Тэнд бас ч гэж овоо юм сурч авсан.
Эргэж ирсний дараа 1969 онд Улаанбаатарын хивсний үйлдвэрийн Зохион бүтээх товчоо гэж байгуулж даргаар нь Лхамсүрэнжав хүн ажиллаж байлаа. Ингээд л 1971 оны 7 сард Улаанбаатарын хивсний үйлдвэр анх ажиллаж эхлэхэд Германд байхдаа бэлтгэж ирсэн картнуудаа машинд тавьж, дараагийн хивснүүдийн загвар дизайныг зурж эхэлсэн.
Ингээд ажиллаж байтал Хөнгөн үйлдвэрийн яамнаас 1972 онд Ноосны үйлдвэрийн нэгдэл, Арьс ширний үйлдвэрийн нэгдэл, Оёдлын үйлдвэрийн нэгдэл гэж гурван том нэгдэл байгуулагдахад манай Зохион бүтээх товчоог Ноосны үйлдвэрийн нэгдэлд шилжүүлсэн юм. Тэнд одеялны хээ, сүлжмэл эдлэлийн хээ, хивсний хээ, яамны хэмжээний урлал гоо зүйн талын бүх юмыг хариуцдаг болсон юм.
А.ФИЛОТАВА ГУАЙ ГЭРТ ӨЛГӨХ ХИВС НЭХЭЖ ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙСАН
-Тэгэхэд Монголчууд өөрсдөө одеяло /хөнжил/ үйлдвэрлэдэг байсан юм уу?
-Монгол улс тэр үед үйлдвэржсэн орон байсан юм шүү. Одоотой адил Хятадаас хамаг юмаа худалдаж авдаггүй байлаа шүү дээ. Одеяло, цэмбэ, эсгий, эсгий гутал, цэргийн шинель, арьс шир, шаазан ваар, керамик, шил, нарийн даавуу хүртэл үйлдвэрлэдэг байсан. Костюм пиджакны нарийн нэхээст даавууг хүртэл Монголчууд өөрсдөө нэхдэг байлаа. Гэтэл тэр том үйлдвэрүүдийг 1990 оны өмч хувьчлалаар байхгүй болгосон доо. Тэр үед дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортолдог байсан юм.
-Эрдэнэтэд та хэдэн онд ирсэн бэ?
-1982 онд Хөнгөн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтийн хивсний үйлдвэрт зураачаар ирж байлаа. Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн нэхэх хивсний хээний картыг Обуховын үйлдвэрт бэлтгэж байсан юм.
-Таныг Ю.Цэдэнбал даргатай уулзаж явсан гэж бас хүнээс сонсож байсан. Тэр талаараа ярина уу?
-Улаанбаатарын хивсний үйлдвэрт ажиллаж байхад Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд Паавангийн Дамдин гуай Д.Сүхбаатарын хөргийг хивсэн дээр нэхэх үүрэг өгсөн. Ингээд энэ нь Монгол Улсад анх удаа машин дээр хүний хөрөг нэхсэн явдал болсон юм. Энэ хивсээ Ю.Цэдэнбал даргад П.Дамдин сайдтай хамт хүргэж өгч, танилцаж байлаа. Түүнээс хойш хоёр гурван ч удаа уулзаж байсан. Дараа нь Анастасия Филотава гуай гэрт өлгөх хивс нэхэж өгөөч гэж гуйсан. Тэгээд хэмжээг нь авах гэж гэрт нь очсон. Олон жижиг өрөөтэй, нээрээ л гэрт нь хивс байхгүй байсан шүү. Сүүлд нь А.Филотаво гуай Монголд хуримын ордныг бариулаад ашиглалатд оруулахын өмнө тэнд нэг хивс нэхэж өгөөч гэж гуйгаад бас нэг уулзаж хуримын ордны хивс нэхэж өгч байсан. Ю.Цэдэнбал дарга хүн сайн танина, их аядуу сайхан яриатай, тайван хүн байсан.
-Таныг Эрдэнэтэд ирэхэд танаас өмнө зураг төсөл зохион бүтээдэг хүн байсан уу?
-Байхгүй байсан. Намайг ирэхэд л байгуулсан юм. Отгонпүрэв гээд Чехэд барлепийн сургууль төгссөн залуу, Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн Төгөлдөр гэж эмэгтэй, Сараа гэж бас нэг бүсгүй байсан. Эрдэнэтийн анхны хивсний зургийг Улаанбаатар хотын Ноосны үйлдвэрт ажиллаж байхдаа ЗХУ-ын Петербургийн Обуховын үйлдвэрт картыг нь цоолуулчхаад ирсэн байсан.
-1990-ээд он гарсны дараа айл бүрийн хойморт байдаг байсан Чингис хивсний зургийг таныг зурж байсан гэж хүнээс сонссон.
-1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үед цаг үеийн уур амьсгал жаахан зөөлрөөд байх үед манай хивсний үйлдвэрийн дарга Ж.Дэлгэрцэцэг бид хоёр ярьдаг байсан юм. Түүнээс өмнө Дорнодын хивсний үйлдвэр бас Чингис хааны хөрөг бүхий хивс нэхээд гаргачихсан байсан юм. “Түүнээс арай дээр Чингис хий” гэж Ж.Дэлгэрцэцэг дарга үүрэг өгөөд анх энэ хивсний зургийг зурсан юм.
-Чингис хивсний учир бэлэгдэлийн талаар ярина уу?
-Бас нэлээд судалгаа хийсэн шүү. Чингис хаан морин жилийн, могой сард төрсөн гэж тэр үед ном сониноос олж уншсан юм. Анзаарвал хамгийн дээд талд морь, могой жил байгаа. Бөртэ, чоно гоо марал хоёртой, их нүүдэл хөдлөж явааг дүрсэлсэн.
-Ноосны үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байхдаа бүтээсэн хивс сансарт ниссэн гэж бас сонсож байлаа. Энэ талаар жаахан тодруулаач ?
-Ж.Гүррагчааг сансарт нисэхэд хөлгийн бүхээгтээ авч явахад зориулж 125 граммаас илүүгүй жинтэй хивс нэхэх даалгавар Хотын намын хорооноос ирсэн. Түүнээс илүү жинтэй байж болохгүй гэсэн шаардлагатай. Ардын зураач Б.Гомбосүрэн гуайн зурсан хамтарсан нислэгийн эмблем лого бүхий хивс. Ингээд утасны жин, нягт зэрэг тооцоог гаргаад 20x30 харьцаатай хивсийг Улаанбаатарын хивсний үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны даргын өрөөнд Ичинноров гэдэг гар хивс нэхдэг нэхэгчтэй хамт 14 хоногийн турш нууц байдалд нэхэж байсан. Тэр хивсний жин нь ердөө 100 грамм болж байв. Тэгээд тэр хивс Союз-39 сансрын хөлгийн бүхээгт сансрын уудамд гарсан түүхтэй.
-Зураг зурагдаад хивс болтлоо нэлээд шат дамжлагатай байдаг бололтой..?
-Тэгэлгүй яахав. Одоогийнх шиг компьютер гэж байхгүй. Бүгд гар ажиллагаатай байсан. Улиралд ердөө нэг хивсний зураг бэлэн болгох нормтой байсан. Эхлээд загвар дизайнаа зурна. Дараа нь яг нэхэгдэх хивснийхээ хэмжээгээр дахин томруулж зурна. Бас болоогүй ээ. Хивсний нягт, утас, цэг гээд маш их тоо бодно. Зургаа цоолуулж карт болгоно гээд олон шат дамжлага ихтэй.
-“Монгол гэрт зориулсан хивс гаргачихаад хотын залууст зориулсан хивс яагаад байдаггүй юм” гэсэн яриа гарсан-
-Ажиллаж байх үед хүндрэл бэрхшээл хэр тохиолдож байсан бэ?
-1981 онд үйлдвэр маань ашиглалтад орлоо. Гэтэл 1983 онд үйлдвэрийн маань агуулах хивсээр дүүрчихсэн. Экспорт жаахан тааруу. Үйлдвэрээ зогсоочихож бүр болохгүй. Ингээд үйлдвэрийн дарга Ж.Дэлгэрцэцэг бид хоёр 30 орчим хивс аваад галт тэргээр Москва явлаа. Тэнд ЗХУ-ын республикийн орнуудын худалдааны төлөөлөгч нарын томоохон уулзалт, үзэсгэлэн болж байсан юм. Тэр үед хивсний очёс их байсан. Бид хоёр шөнө нь гар нүүрнийхээ алчуурыг норгож аваад буудалдаа өнөөх хэдэн хивснүүдээ арчиж, зүлгэж хонов оо. Өглөө нь нөгөө хивснүүдээ зөөж өлгөж байрлуулсан. Бас тэр үзэсгэлэн худалдааны танхимд оруулахдаа хаалгач харуулуудад нь ганц нэг гожин юм хүртэл оруулж байсан хөгжилтэй түүхтэй. Ингээд бид хоёр Москвад бараг 10-аад хонож худалдааны гэрээ хэлцэл хийж байсан. Ингэж манай хивсний үйлдвэрийн бараа эргэлт нэг удаа сэргэж байсан юм.
-Эрдэнэтийн хивсний үйлдвэрээс хэдэн онд гарсан бэ?
-1990 он гарсны дараа улс орон зах зээлийн системд шилжсэн. Үйлдвэрийн удирдлага ч өөрчлөгдсөн. Амарбаясгалант хийдийн хамба лам өвгөн манай үйлдвэр дээр очиж лам нарын олбог, жавдан зэрэг хивснүүдийг захиалдаг байсан юм. Тэр өвгөн манайд ирж ажилла гээд. 1991 оны 12 сар гэхэд Амарбаясгалант хийдэд ирсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл эндээ амьдарч байна даа. Тэнд 850 төгрөгийн цалинтай байснаа Амарбаясгалантад анх 50 төгрөгийн цалинтай болсон. Тэр үед хүмүүс намайг толгой нь эргэчихэж гэж бодож байсан байх. Амарбаясгалантад ирээд нэг дуган дотор амьдарч байсан. 1991 онд Балбаас Ренбучи багш ирж өөрийнхөө хөрөнгөөр энэ хийдийг сэргээн засуулсан. Тэр үед няравыг нь хийж байсан. Сэргээн засах тэр их ажилд оролцож байв.
-Таны зургийг нь зурж, тооцоог нь гаргаж байсан хивснүүд гэвэл Чингис хивснээс өөр ямар хивс байна вэ?
-Монгол гэрт зориулсан “Өргөө” хивс байна. “Өргөө” хивс бүтээгдээд худалдаанд гарсны дараа “Монгол гэрт зориулсан хивс гаргачихаад хотын залууст зориулсан хивс яагаад байдаггүй юм” гэсэн яриа гарсан. Ингээд хотын залууст зориулсан тавилгын хивс бас бүтээж байлаа. “Аргаль” хивс, “Найман тахилт”-ай хивс, “Өгөөж”, “Хангал”, Атар”, “Долгио” гээд бүтээгдэхүүн, хивснүүд олон байна.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Залуу халуун насаа хөнгөн үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх үйл хэрэг зориулж явсан энэ эрхэм хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрөөс “Алтан гадас” одонгоор шагнажээ. 1981, 1991 онуудад “Төрийн шагналд” нэрийг нь дэвшүүлж байв. Ажиллаж байх хугацаандаа 50 гаруй хивсний хээ загвар зохион бүтээсний 46 нь үйлдвэрлэлд нэвтэрч, 6 нь чанарын алтан медаль хүртэж байжээ.
Ярилцсан Д.Цэнд-Аюуш
-
Сэтгэгдэл: