Нийгэм | 2022-07-07
Номын төвийн нэрийг өөрчилж “Нийтийн номын сан” болгохоор шийдвэрлэлээ
Б.Саранчимэг / 280
Номын төвийн нэрийг өөрчилж “Нийтийн номын сан” болгохоор шийдвэрлэлээ

Аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаан болж “Номын төв”-ийн нэршлийг өөрчилж “Нийтийн номын сан” болгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Анх 1994 онд Хүүхдийн номын сан, номын дэлгүүр, интернэтийн үйлчилгээ зэргийг нэгтгэж Номын төв нэртэйгээр байгуулж, өдгөө 30 гаран жил энэхүү нэршлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 
Энэ хугацаанд Номын сангийн тухай болон Соёлын тухай хууль шинээр батлагдаж, холбогдох тогтоомжууд шинэчлэгдсэн байна. Эдгээр шинэчлэгдсэн хууль, тогтоомж, холбогдох баримт бичгүүдэд аймгуудын номын санг “Нийтийн номын сан” гэх нэршлээр томьёолж байгаа юм. Гэтэл манай аймагт “Номын төв” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдахад саад болдог байна. Тодруулбал, Номын төв нь /Book center/ гэж орчуулагдаж байгаа нь үйл ажиллагааны цар хүрээ, чиглэлийн хувьд зөрөөтэй ойлгогддог учраас нэршлийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай талаар Номын төвийн дарга Д.Цэнд-Аюуш танилцууллаа. Тус асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. Ингэснээр цаашид Нийтийн номын сан нэршлээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо. 
Дашрамд дурдахад, Нийтийн номын сангийн шинэ барилгыг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Тус барилга ашиглалтад орсноор шинээр 15 ажлын байр бий болох юм.

Сэтгэгдэл: