Нийгэм | 2022-09-15
Залилах гэмт хэргийн 80 хувь нь цахимаар үйлдэгдэж байна
А.Админ / 741
Залилах гэмт хэргийн 80 хувь нь цахимаар үйлдэгдэж байна

Энэ оны эхний найман сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт залилах гэмт хэрэг 150 бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82 хэргээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.  Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг 62 бүртгэгдэж байжээ.

Залилах гэмт хэргийн 70-80 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа тул аймгийн Цагдаагийн газраас  энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан, сурагчдад зориулж  сургалт, мэдээлэл, ухуулга сурталчилгаа хийжээ. Мөн банк, санхүүгийн байгууллагатай хамтран иргэдэд санхүүгийн болон хууль эрх зүйн зөвлөмж, мэдээлэл хүргэх өдөрлөг хийж байна гэж аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г. Эрдэнэбаяр мэдээллээ.

Залилах гэмт хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Фэйсбүүк болон цахим хаягаар тань мөнгө зээлэх, тусламж, хандив хүссэн чат ирвэл та заавал  утасдаж лавлана уу.
  • Цахимаар бараа, материал, эд зүйл захиалахдаа албан ёсны эх сурвалжийг заавал нягтална уу.  
  • Хуурамч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашигласан болон Фэйсбүүк зарын группүүдэд тавигдсан зах зээлийн үнээс илтэд доогуур үнээр зарж борлуулж байгаа гэх эд зүйлийг худалдан авахгүй байна уу.  
  • Төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, байгууллагад ажилд оруулж өгнө, бага хүүтэй зээлийг орлого нотлохгүй гаргана гэх зэрэг нийтлэл, заруудад хууртахгүй байхад анхаарна уу.
  • Өөрийн фэйсбүүк, интернэт банк болон бусад цахим хаягын нууцлал аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл: