Орхон аймагт сар бүр дунджаар 8-10 хүн хавдраар оношлогддог. Хавдрыг эрт үед нь оношилж эмчилгээ хийвэл эдгэрдэг өвчин хэдий ч иргэд эцсийн шатанд нь ортол биедээ хайхрамжгүй явснаар үхлээр төгсдөг харамсалтай тоон судалгаа бий.
Бид Эрдэнэт хотын иргэдийн дундах хавдрын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, шинээр нэвтрүүлж байгаа техник технологи, эмчилгээний арга барилын талаар БОЭТ-ийн Хавдрын тасгийн их эмч О.ГАНТУЛГА-тай ярилцлаа.
Монгол улс хорт хавдрын өвчлөлийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигддэг гэсэн судалгаа бий. Орхон аймгийн хэмжээнд хавдартай нийт хэдэн хүн байна вэ?
2021 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 1200 орчим хүн хавдартай байна гэсэн судалгаа гарсан. Илэрсэн хавдрын 30-40 хувийг элэгний хавдар эзэлж байна. Орхон аймагт сар бүр дунджаар 8-10 хүн хавдраар оношлогддог. Эдгээр иргэдийн дийлэнх нь хавдрын хожуу үед оношлогддог нь маш харамсалтай санагддаг.
Эдгээр хавдартай иргэдийн хэд нь хүүхэд байна вэ? Сүүлийн үед маш олон хүүхдүүд хавдраар өвчилж, эмчлэх өртөг өндөр учраас тусламж гуйж байна. Энэ юутай холбоотой вэ?
Аймгийн хэмжээнд хавдартай 11 хүүхэд байна. Эдгээр хүүхдийн ихэнх нь цусны болон тархины хавдартай. Хавдар генийн мутацитай холбоотой байдаг. Хүн амьдралынхаа туршид ямар зуршил бүтээж, ямар хоол хүнс хэрэглэж байна, түүнээс шалтгаалаад хавдар үүсэж байна. Хавдар өнөөдөр муу хүнс идлээ гээд маргааш шууд үүсчихгүй, урт хугацааны буруу зуршлын үр дүн байдаг. Нөгөө талаар шинжлэх ухаан хөгжиж, оношилгоо сайжирсан учраас хавдартай иргэдийн тоон үзүүлэлт огцом өссөн.
Хавдрыг хүндрүүлэлгүйгээр эхний шатанд оношлох, эмчлэх боломж манай орон нутагт хэр байдаг вэ? Хавдраас урьдчилан сэргийлэх боломж бий юу?
Хавдар оношлогдсон үе шатаасаа хамаарч өвчтөний амьдрах хугацаа нь уртасдаг. Жишээлбэл, хавдрын эрт үед оношлогдвол 10-30 жил, гурваас дөрөвдүгээр үе шатад оношлогдсон тохиолдолд 5-10 жил амьдрах боломжтой. Эрт оношилгоо, эмчилгээ гэдэг хувь хүн өөртөө хэр анхаарч байна гэдгээс хамаарах учраас тэр бүр өвдсөн үгүйг эмнэлгийн байгууллага очоод хянах боломжгүй. Эмнэлэгт өөрөө хандсан тохиолдолд л илрүүлэх боломжтой. Хавдар олон жил удаж байж өвчтөндөө зовиур өгч эхэлдэг ч шалтгаан нь тодорхой байдаг. Ходоодны хавдар хеликобактериас, элэгний хавдар элэгний вирусээс гэх мэт тодорхой шалтгаантай. Хавдар эрт оношилж чадвал бүрэн эдгэрэх боломжтой .Тийм учраас эрт үед нь үзэж илрүүлэх нь л чухал. Урьдчилан сэргийлэх үзлэгийг маш өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай.
Хавдраар хүн өвчлөхгүй байж болно. Энэ аймшигт өвчнөөс хол байя гэвэл хүн өөрөө өөртөө хайртай байх ёстой. Зургаан сар тутамд зүгээр байсан ч үзүүлж байх шаардлагатай.
Ямар ч байгууллага шинээр ажилтан авахдаа заавал эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх гэсэн шаардлагыг тавьдаг, монгол улс эрүүл мэндийн тогтолцоондоо урьдчилан сэргийлэх үзлэгийг заавал тусгадаг болчихвол хавдрын эхэн үеийн оношилгоо, эмчилгээнд маш том ахиц гарна гэж боддог.
Та ажлаа аваад удаагүй байгаа юм билээ. Таны төсөөлөл, бодит байдал хэр зөрүүтэй байв?
Ажилд орсноос хойш хавдар гэх өвчин тоглоом биш юм байна, зүгээр л онош нь тодорхой, хөнгөвчлөх эмчилгээ хийчихнэ гэж бодож болохгүй юм байна гэж бодоод хими эмчилгээ, туяа эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээг илүү нарийн судлан ажиллаж байна.
Хагалгаа хийсний дараа тухайн хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлсэн үү гэдгээс хамаарч хими эмчилгээг хийдэг. Хими эмчилгээ нь маш өндөр өртөгтэй эмчилгээ. Орхон аймаг 21 аймаг дундаа хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан үзүүлэлтээр 60-70 хувьтай хими эмчилгээг хийдэг.
Дэлхийн эрүүл мэндийн салбар асар хурдацтай хөгжиж байна. Бараг цаг минут тутамд шинэ технологи гарч байх жишээтэй. Олон улс орон хавдрыг бүрэн эмчлэх, хавдрын эсийг устгах шинэ нээлтүүдийг хийж, туршилтын шатандаа явж байна. Манай улсын хувьд, тэр тусмаа БОЭТ-ийн хавдрын тасагт нэвтрүүлж байгаа шинэ технологи, шинэлэг арга барил юу байна вэ?
Он гараад “Бай” эмчилгээг нэвтрүүлэн, тусгай тасаг нээхээр зорьж байна. Тухайн хавдарт очиж үйлчлэх эмчилгээг бай эмчилгээ гэж нэрлэдэг. Одоогоор энэ эмчилгээг Хавдар судлалын үндэсний төв болон хувийн эмнэлгүүд хийж байна.
Бай эмчилгээний эм тариа асар үнэтэй. Нэг бай эмчилгээний тариа 2,5-4 сая төгрөг байдаг. Нэг хүнд 25 сая төгрөг шаардлагатай, 6-с дээш курс хийгддэг өртөг өндөртэй эмчилгээ учраас судалгааны шатандаа явж байна. Тасаг нээхийн тулд үйл ажиллагааг жигдрүүлэх, боловсон хүчин бэлдэх гээд маш олон зүйл шаардлагатай. Хэрэв энэ үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлж чадвал хавдартай хүн заавал Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагагүй болно.
Таны хувьд Монгол улсад хавдрын эсрэг хийж хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр үйл ажиллагааг ямар түвшинд байна гэж дүгнэдэг вэ?
Монгол ганцхан Хавдар судлалын үндэсний төвтэй. Тус төвд 21 аймгийн бүх хүн очиж үйлчлүүлдэг. Коронавирус цар тахал гараад олон хүн нас барсан. Гэхдээ коронавирус халдвараас илүү жилд 4000 хүн хавдраар нас барж байна. Хавдрын эмчид үзүүлэхийн тулд иргэд нэг сар дугаарлан хүлээдэг. Хавдрын мэргэжлийн эмнэлэг, чадварлаг боловсон хүчин бидэнд хэрэгтэй байна гээд тоочвол маш олон сул талууд бий. Гэхдээ бид сайжирч байгаа, тодорхой хэмжээнд хөгжиж байгаа. Тогтолцоо ийм гээд эмч нар гараа хумхиад суухгүй. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр бид хэзээ нэг өдөр хавдрыг бүрэн эдгээх хүчин чадалтай болно гэдэгт итгэдэг.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл: