Нийгэм | 2022-12-01
“Соёлыг түгээе” аяны хүрээнд “Өглөөний цайгаа ууж хэвшицгээе” нөлөөллийн ажил зохион байгуулагдаж байна
Б.Бадамгарав / 303
“Соёлыг түгээе” аяны хүрээнд “Өглөөний цайгаа ууж хэвшицгээе” нөлөөллийн ажил зохион байгуулагдаж байна

Орхон аймгийн хэмжээнд “Соёлыг түгээе” аян хоёр дахь жилдээ явагдаж байна. Тус аяны хүрээнд БШУГ “Өглөөний цайгаа ууж хэвшицгээе” нөлөөллийн ажлыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Тус нөлөөллийн ажил нь сурагчдад өглөөний цайны ач тусыг ойлгуулах, өглөөний цай бэлтгэх, ууж хэвших дадлыг сургах, хүүхдийг суурь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Нөлөөллийн ажлын хүрээнд олон арга хэмжээг явуулж байна. Тухайлбал ерөнхий боловсролын 17 сургууль нэгдэж  өглөөний цайны ач тус, өглөө бэлдээд уухад хялбар, шим тэжээлийн зохистой харьцаатай өглөөний цайны цэс боловсруулжээ. Мөн “ Өглөөний цайны ашиг тус” сэдвээр анги удирдсан 56 багшийг сургалтад хамруулсан байна.
Өглөөний цайнд үр тарианы төрлийн бүтээгдэхүүн, сүү хэрэглэх нь зохистой юм. Мөн зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг өглөөний цайнаас авдаг гэсэн судалгаа гарчээ.
Сурагчдаас өглөөний цай хэр уудаг вэ гэсэн судалгаа авсан байна. Судалгаанд дунд ахлах ангийн 5000 орчим сурагч хамрагдсанаас 29% нь өглөөний цай тогтмол уудаг, 64% хаяа уудаг, 7% огт уудаггүй гэж хариулсан байна.
Өглөөний цай уухгүйгээс шалтгаалж хүний биед дараах сөрөг нөлөө илэрдэг байна. Тухайлбал ходоод орчмоор өвдөх, халуу оргих шинж тэмдэг илэрч, цусан дахь сахрын хэмжээ багассантай холбоотойгоор толгой өвдөх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Нөлөөллийн ажил зохион байгуулагдсанаар сурагчид өглөөний цайг тогтмол ууж хэвших нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болох, өглөөний цайнд ууж болох тэжээллэг хүнсийг зөв сонгож хэрэглэх талаарх ойлголттой болж байна.  

 

Сэтгэгдэл: