Өнөөдөр "Эрдэнэт хотын өдөр", "Анхдагч илгээлтийн эзэд"-ийн баярын өдөр тохиож байна.Тус өдрийг тохиолдуулан “Соёл урлагийн цогцолборт” баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо. Баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг аймгийн удирдлагууд гардууллаа. Эрдэнэт хотын хүндэт иргэнээр К.Даулетбай, Д.Хасбаатар нар шалгарлаа. Мөн соёл урлагийн салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан Г.Төмөрхаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол” хүртээлээ.
Эрдэнэт хотыг барьж байгуулах их ажил “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлж, 1975 оны 12 дугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хотыг байгуулах шийдвэр гарч байсан түүхтэй юм. Эрдэнэт хот анх байгуулагдахдаа 7800 гаруй хүн амтай байсан бол өдгөө 105 мянган хүн амтай болсон байна. 2017 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор “Эрдэнэт хотын өдөр”, 2019 онд “Анхдагч илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 11-нд хамтатган тэмдэглэх болсон. “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч илгээлтийн эздийн” баярыг Эрдэнэтчүүд тав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сэтгэгдэл: