Нийгэм | 2023-03-15
Өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран Эгшиг” улсын VIII уралдаан Орхон аймагт болно
Б.Бадамгарав / 1312
Өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран Эгшиг” улсын VIII уралдаан Орхон аймагт болно

"Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит Өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран Эгшиг” улсын VIII уралдаан энэ сарын 25-28-ны өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулагдана. Тус уралдаан 2008 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн уламжалтай. Энэ удаагийн уралдаан үндэсний хөгжим, цөөхүүл ансамбль гэсэн ангиллаар явагдах бөгөөд өнөөдрийн байдлаар Орхон, Улаанбаатар, Хөвсгөл, Завхан, Увс, Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Замын-Үүд, Дархан зэрэг 12 аймгийн нийт 50 гаруй багш, 300 гаруй авьяаслаг хүүхдүүд тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар дөрөвдүгээр сургуулийн дэргэдэх хөгжмийн ангиудыг түшиглэн Урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын “Уран эгшиг” сургууль байгуулсан бөгөөд энэхүү уралдааныг тус сургууль зохион байгуулж байгаа нь энэ жилийн уралдааны онцлог юм. “Уран эгшиг” улсын уралдаан нь оролцогч ихтэй, шударга өрсөлдөөнтэй, олонд танигдсан шүүгчид шүүн явуулдаг, үндэсний хөгжмийн төрөл бүрээр зохион байгуулагддаг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, багш сурагчдын хүсэн хүлээдэг улсын томоохон уралдааны нэг юм. Уралдааныг зохион байгуулахад “Уран эгшиг” сургууль анхааран ажиллаж, уралдааны удирдамжийг аймгийн Засаг даргын орлогчоор батлуулж, сургууль дотооддоо ажлын хэсэг томилон, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган баталж, уралдаан явагдах, нээлт, хаалт зохион багуулах газрууд болох Соёл урлагийн цогцолбор, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


 

Сэтгэгдэл: