Нийгэм | 2023-04-04
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдаа орон сууц худалдан авахад нэг тэрбум 575 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Б.Саранчимэг / 519
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдаа орон сууц худалдан авахад нэг тэрбум 575 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнууддаа орон сууц худалдан авахад болон барихад 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ оны эхний улиралд үйлдвэрийн газрын бүтцийн 19 нэгжийн 121 ажилтан орон сууцны дэмжлэг авахаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газарт материалаа ирүүлжээ. Үүнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас  нэг тэрбум 575 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Дэмжлэгийг энэ сарын эхний долоо хоногт багтаан ажилчдын дансанд шилжүүлэх аж.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон сууцны санхүүгийн дэмжлэг авч буй ажилтны тоо нэмэгдсэн байна. Тус үйлдвэр өнгөрсөн онд нийт 451 ажилтандаа орон сууцтай болоход нь зориулж 5.9 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг үзүүлэх журам шинэчлэгдсэн. Энэхүү журмаар Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй болсон юм. Өмнө нь гэр бүлийн хосын нэг гишүүнд нь олгодог байсан бол одоо Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эхнэр нөхөр хоёул 13 сая төгрөгийн дэмжлэг авах боломж бүрдсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрт гурав ба түүнээс дээш жил ажилласнаар орон сууцны дэмжлэг авах эрх нээгддэг байсныг нэг жил болгон өөрчилсөн нь хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

эх сурвалж: ERDENETTODAY.MN

 

Сэтгэгдэл: