Орхон аймагт хэрэгжиж буй “Тэгш боломж” төслийн хүрээнд I, II, VII, XIII, XV, XX сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулсан. Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга Б.Одгэрэл, БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт нар I сургуулийн Хүүхэд хөгжлийн танхимын тохижилт, үйл ажиллагаатай танилцлаа.
Тус танхимд 16 хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байна. Тэд хичээлийн эхний хоёр цагт ангидаа, үлдсэн цагт нь энэхүү танхимд хичээллэдэг юм. Хичээлийг хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тааруулж, ганцаарчилсан хөтөлбөрийн дагуу, бэлтгэгдсэн багш заадаг.
Бага ангийн багш С.Хишгээ, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурах таатай орчин бүрдүүлж "Хүүхэд хөгжлийн танхим" байгуулсанд талархалтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд суралцсанаар биеэ даах чадвар нэмэгдэж, нийгэмшихэд сайнаар нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүд ч гэсэн танхимын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа. Танхим шинээр байгуулагдсан учраас ангийн тохижилтыг сайжруулах, хичээлийн хэрэглэгдэхүүн нэмж авах шаардлагатай байгаа.
Тухайлбал, хөшиг, дрож, ханын самбар, цаг, зургийн самбар болон хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоом нэмэлтээр авах хэрэгтэй байгаа. Энэ хүсэлтээ аймгийн Засаг дарга болон БШУГ-ын дарга, сургуулийнхаа захиргаанд танилцууллаа. Шаардлагатай байгаа хичээлийн хэрэглэгдэхүүнээ авчихвал сургалт явуулахад илүү амар болно” гэлээ.
Ташрамд дурдахад, Цаашид сургууль бүрд хүүхэд хөгжлийн танхим байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл: