Орхон аймаг БНСУ-ын Пусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлэгтэй хамтран БОЭТ-д алсын зайн оношилгоо, эмчилгээний төв байгууллаа.
Өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Дэгү, Пусан хоттой Орхон аймаг хамтран ажиллах Санамж бичиг үзэглэсэн бөгөөд өнөөдөр Пусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн Олон улсын анагаах ухааны төвийн захирал, профессор Ли Жон Кю, Нэгжийн менежер Но Жи Мён нар хүрэлцэн ирсэн юм. Тэд БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж алсын зайн оношилгоо, эмчилгээний төв байгуулж, аймгийн ЭМГ-тай хамтран ажиллах Санамж бичиг үзэглэлээ.
Алсын зайн оношилгооны төв нь БНСУ-ын Пусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн эмч нарын тусламжтайгаар оношийг богино хугацаанд тодорхойлох, эмчлэх, эмчилгээний дараах хяналтын заавар, зөвлөгөө өгөхөд чиглэх юм.
Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн эмч, эмнэлгийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, Монгол Улсад эмчлэх боломжгүй хүнд өвчтэй Орхон аймгийн нэг иргэний мэс заслыг БНСУ-д үнэ төлбөргүй хийх юм.
Сэтгэгдэл: